ӨМНӨГОВЬ: Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн тэмээний үүлдрийг нутагшуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт Галбын говийн улаан тэмээ, Ханын хэцийн хүрэн тэмээ хэмээх хоёр үүлдрийн тэмээн сүрэг бий.
Эдгээр үүлдрийг 2015 онд эрдэмтэн судлаачид, тэмээчид болон хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны үр дүнд судалж, Монгол Улсад тэмээний шинэ үүлдэр хэмээн албан ёсоор баталгаажуулсан юм.
Энэхүү үйл явдал нь говийн бүсийн тэмээний генетик нөөцийг хамгаалах, ашиг шимийг нэмэгдүүлэх, үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр явуулахад чухал ач холбогдолтой болсон байна.

Ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээ нь мах, сүүний ашиг шим сайтай, харьцангуй чацархаг, чийрэг, нягт бие бялдартайгаас гадна биеийн галбир, цогцсын хувьд уналга, эдэлгээнд илүү тохиромжтой гэдгээрээ бусад үүлдрийн тэмээнээс ялгардаг.
Зүсний хувьд уг үүлдрийн тэмээний 72.2 хувь нь хүрэн, 6.9 хувь нь улаан, харин 10.4-5.2 хувийг бор, хар, хөх зүс эзэлж байна. Мандал-Овоо, Булган, Цогт-Овоо сумдад Ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээний цөм сүргийг үржүүлж, говийн бүсийн аймгийн тэмээн сүргийг сайжруулагч болгон ашиглаж байна.

Харин Галбын говийн улаан үүлдрийн тэмээ нь өргөн, тавиу цээж хэвлийтэй, матаас сайтай хавиргатай, урт уужим ташаа, хондлойтой, бахим бүдүүн борвитой, богиновтор боловч бадриун мөчтэй зэрэг биеийн онцлогоороо ялгардаг.
Тус үүлдэр нь ачилга, хөллөгөө, алсын аян тээвэрт илүү тохиромжтой бөгөөд лагс зузаан, махлаг чамбай, чийрэг нягт хэвшил давамгайлсан, амьдын жин бусад үүлдрийн тэмээнээс харьцангуй илүү байдаг.
Зүсний хувьд галбын говийн улаан үүлдрийн тэмээний 66.7 хувийг улаан, хүрэн, бор, хар зүс эзэлж байгаа бол 33.3 хувийг шар болон бусад зүсний тэмээ бүрдүүлж байна. Ханбогд, Манлай, Баян-Овоо суманд тус үүлдрийн тэмээний цөм сүргийг цэврээр үржүүлж, говийн бүсийн аймгуудын тэмээн сүргийг сайжруулахад ашиглаж байна.
Улаанбаатар