ӨВӨРХАНГАЙ: Шатрын спортоор 700 гаруй хүүхэд хичээллэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн
Шатрын холбоо энэ оны анхны хурлаа хийж, шатрын спортыг хөгжүүлэх чиглэлээр
аймгийн Засаг даргатай санал солилцлоо.
Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулиудад 500 гаруй, хувийн багштай таван дугуйланд 200 орчим хүүхэд шатрын спортоор хичээллэж байна. Шатрын спортыг орон нутагт хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд улсын чанартай нэг, бүс, аймгийн хэмжээний өсвөрийн болон насанд хүрэгчдийн 10 гаруй тэмцээн зохион байгуулжээ.
Шатрын
спортын аймгийн тамирчид 2025 онд “Цодгор
хүү” өсвөрийн улсын
аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Ази тивийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнээс
багийн төрөлд алт, мөнгөн медаль, Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Зүүн
бүсийн ази тивийн аварга шалгаруулах
тэмцээнээс багийн төрөлд алтан медаль тус тус хүртсэн байна.
Хурлаар холбооны удирдах зөвлөлийг шинэчилж, тэргүүнээр аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, гишүүнээр
шатрын спортын ОУ-ын их мастер Г.Мөнхгал тэргүүтэй долоон хүнийг сонголоо.
Өвөрхангай аймгийн Шатрын холбоог 1994
онд байгуулсан бөгөөд 30 гаруй мастерыг төрүүлээд байгаа юм.
Улаанбаатар