ЗАВХАН: Хүүхдийг уйдаахгүй, оролцоог нь дэмжсэн сургалтын арга зүйд суралцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Завхан аймагт суралцагчдыг бие даан, бүтээлчээр суралцах, хүүхэд бүр өөрийн хурдаар, өөрт хэрэгтэй мэдлэг чадварыг олж эзэмшихэд чиглэсэн хичээлийн арга зүйг таниулах сургалтад багш нар хамрагдлаа.
Тус сургалтыг Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран хэрэгжүүлж буй “Цахим аялал” төслийн хүрээнд зохион байгуулж байна.
Өөрөөр хэлбэл, уг сургалт нь бага ангийн цахим контентын агуулга, арга зүйг багш нарт ойлгуулах, сургах, түгээн дэлгэрүүлэх зорилготой орон нутагт зохион байгуулсан сургалт юм. Сургалтад Улиастай сумын ерөнхий боловсролын таван сургуулийн бага боловсролын сургалтын менежер, бага боловсролын 74 багш танхимаар, мөн 24 сургуулийн 215 багш цахимаар оролцож, аймгийн хамрагдвал зохих багш нарын 95.7 хувийг хамруулжээ.
Багш нар сургалтын явцад математик, монгол хэл, хүн ба нийгэм, хүн ба орчин, хүн ба байгаль хичээлүүдийн интерактив контентын даалгаврыг гүйцэтгэх арга зүйд суралцжээ. Түүнчлэн суралцахуйн зорилтуудыг шинжилж, хичээл тус бүрээр судалгаа хийсэн байна.
Түүнчлэн багш нар ээлжит хичээлийн арга зүйн санаа боловсруулж, харилцан туршлагаа солилцов. Интерактив цахим контентуудыг өөрийн хичээлд бүтээлчээр ашиглах, хичээлийг сонирхолтой, үр дүнтэй бэлтгэх чадварт суралцсан байна. Мөн жилийн болон улирлын төлөвлөлтөд интерактив болон аудио контентын линк байршуулснаар багш өдөр бүр ашиглах боломжтой болжээ. Өөрийн туршлагаа бусад багш нарт түгээн дэлгэрүүлж, хамтран суралцсан цуврал сургалт боллоо.
“Цахим аялал” интерактив хичээл нь тус бүр 3–5 минутын хөгжилтэй анимейшнээр шинэ мэдлэг, ойлголт өгөхөөс гадна 3–4 үе шаттай тоглоом буюу бататгал дасгал, сорилын хэсэгтэй.
Энэхүү хичээл нь хүүхдийг уйдаахгүй, сонирхолтой төдийгүй илүү тогтвортой үлдэцтэй, хүүхдийн оролцоог идэвхжүүлсэн бүтээл юм. Бүх хүүхдэд хүртээмжтэй болгох үүднээс казах, тува, дохионы хэлээр үзэх сонголт оруулсан бөгөөд харааны бэрхшээлтэй хүүхэд ч үзэх боломжийг бүрдүүлжээ.
Өнөөдрийн байдлаар дижитал технологи нь сурагчдын өдөр тутмын амьдрал, суралцах арга барилын салшгүй хэсэг болжээ. Өнөө үеийн хүүхдүүд олон эх сурвалжаас зэрэг мэдээлэл авах, платформ дээр нэг цагийн хугацаанд олон дасгал гүйцэтгэх, урт текстээс илүү богино, визуаль контентыг сонирхох, интерактив хэлбэрээр суралцахыг илүүд үздэг онцлогтой. Тиймээс “Цахим аялал” интерактив контент нь суралцагчдад бие даан, бүтээлчээр суралцах, хүүхэд бүр өөрийн хурдаар, өөрт хэрэгтэй зүйлийг олж эзэмших, өргөн сонголттой суралцах боломжийг олгодог. Сургалтаар багш нар суралцагчдын хэрэгцээ, сонирхолд тохирсон хичээлийг төлөвлөхөд интерактив сургалтын арга илүү тохиромжтой болохыг ойлгосон талаар Завхан аймгийн Боловсролын газраас мэдээллээ.
Сонирхуулахад, сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сурагчдад зориулсан интерактив хичээл бүтээх “Цахим аялал” төслийг Монгол Улсад 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 229 хичээлийг medle.mn сайтад байршуулсан ба хандалт нь нэг саяыг давжээ.

Завханы 300 орчим багш цахим аялал төслийн сургалтад хамрагдав
Улаанбаатар