СЭЛЭНГЭ: Олон улсын өсвөрийн эрдэмтдийн уралдаанд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-01-21 10:23:00

Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын өсвөрийн эрдэмтдийн анхдугаар уралдаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын лаборатори IV сургуулийн сурагчид амжилттай оролцож, олон улсын тэмцээнд оролцох эрхээ авлаа.


Анхдугаар тэмцээний инженерчлэлийн ангилалд Сэлэнгэ аймгийн IV сургуулийн 10б ангийн сурагч Ч.Мөнхсоёл тэргүүн байр эзэлсэн бол компьютерын ухааны ангилалд оролцсон 9б ангийн Б.Номин, Н.Тэмүүжин нар тус тус тэргүүн байрт шалгарсан байна. 


Уг уралдаанаас шалгарсан эхний зургаан шилдэг шинжлэх ухаанч, судлаач сурагч энэ оны дөрөвдүгээр сард Энэтхэг улсын Шинэ Дели хотод болох олон улсын өсвөрийн эрдэмтдийн уралдаанд Монгол Улсаас оролцох эрх авлаа.


1994 оноос эхэлсэн энэхүү олон улсын өсвөрийн эрдэмтдийн уралдаанд манай улс энэ жилээс анх удаа оролцох боломжтой болж байгаа юм.


Ингээд улсын анхдугаар уралдааны эхний шалгаруулалтыг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, эцсийн шалгаруулалт буюу улсын хэмжээний тэмцээнийг энэ сарын 17-ны өдөр МУИС дээр амжилттай явууллаа.


32 жилийн түүхтэй энэхүү олон улсын өсвөрийн эрдэмтдийн уралдаанд өнөөг хүртэл шинжлэх ухаан, инженерчлэлийн зургаан салбар чиглэлд нийт 2500 гаруй судалгааны илтгэл танилцуулагдсан байна.

Холбоотой мэдээ