ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд багачуудын хүсэл мөрөөдлийг тусгасан цахим ном гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Хүүхэд багачуудын хүсэл мөрөөдлийг тусгасан “Хүүхэд хамгаалал миний нүдээр” цахим ном гаргажээ.
Энэхүү номыг Хүүхдийг ивээх сан 2023-2025 онд Говь-Алтай аймагт хэрэгжүүлсэн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хүрээнд аймгийн ЗДТГ болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран зохион байгуулсан 2025 оны “Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл” чуулга уулзалтын үр дүнд боловсруулсан байна.
Энэхүү чуулга уулзалт нь Говь-Алтай аймагт хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах салбар дундын хэлэлцүүлэг өрнүүлэх, тулгамдсан асуудлыг хамтран тодорхойлох, хүүхдэд хамгааллын болон боловсролын үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зорилготой зохион байгуулсан юм.
Мөн Хүүхдийг ивээх сан чуулга уулзалтыг угтан, хүүхдийн эрх, хамгааллын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг дэмжих, тэдний дуу хоолойг урлагаар дамжуулан илэрхийлэх зорилгоор “Хүүхэд хамгаалал миний нүдээр” сэдэвт гар зураг, эсээ бичлэгийн уралдааныг 6-18 насны хүүхдүүдийн дунд зарлан дүгнэжээ.
Энэхүү номд уралдаанд оролцсон Говь-Алтайн хүүхэд, багачуудын хүсэл мөрөөдөл, бодол санааг “Хүүхэд хамгаалал миний нүдээр” цахим ном хэлбэрээр багтаажээ. Тус номд эсээ бичлэгийн уралдааны 84, гар зургийн уралдааны 54 бүтээл, нийт 138 хүүхдийн бүтээл багтсан байна.
Улаанбаатар