ХӨВСГӨЛ: “Танил Жаргалан” ХХК хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байгууллагаар шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагаар “Танил Жаргалан” ХХК шалгарлаа.
Тус компани 2020 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй гурван иргэнийг байнгын ажлын байраар хангаж, тохируулгатай ажлын орчин бүрдүүлэн, дэмжин ажиллаж байна.
Мөн тус компани хөгжлийн бэрхшээлтэй хүний чиглэлээр зохион байгуулсан хоёр томоохон үйл ажиллагаанд нийт 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дэргэдэх хоёр бүлэгт 3 сая 600 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн байна.
Үүнээс гадна “Хүртээмж ба Стандарт”, “Сэтгэл ба Орчин” сургалтад нийт албан хаагчдаа хамруулж, хүртээмжийн анхан шатны үнэлгээнд хамрагдан 50 гаруй сая төгрөгийн засвар, үйлчилгээ хийснээр орчны хүртээмжийг нэмэгдүүлжээ.
Өнгөрсөн онд “Танил Жаргалан” ХХК дээрх номинацид шалгарч, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн шагналаар шагнуулсан юм. Шагналыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Ц.Оюун-Эрдэнэ нар гардуулан өглөө.
Улаанбаатар