СЭЛЭНГЭ: Нонсан хоттой хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-01-22 15:35:23

Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам БНСУ-ын Чунчоннам-до мужийн Нонсан хоттой хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгууллаа.


Гэрээний хүрээнд Сэлэнгэ аймаг тус хоттой гүзээлзгэнийн тариалалтад улирлын чанартай ажилтан бэлтгэх санамж бичигт гарын үсэг зурлаа. 


Нонсан хот нь БНСУ-д гүзээлзгэнийн тариалалтаараа тэргүүлдэг. Цаашид энэхүү хамтын ажиллагааны хүрээнд явж буй иргэд хөдөө аж ахуйн салбарт ажиллахаас гадна шинэ техник, технологид суралцан туршлага судалж, үүнийгээ аймаг, орон нутагтаа хэрэгжүүлэх боломжтой болох юм.


Гэрээ байгуулах ёслолд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Газар тариалангийн бодлогын зохицуулалтын газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Батцэнгэл, "Шанддов" ХХК-ийн захирал И.Баатарзоригт, мөн Нонсан хотын дарга Пэк Сон Хён болон холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо. 


Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж уулзалтын үеэр Нонсан хотын дарга Пэк Сон Хёнийг Сэлэнгэ аймагт зочлохыг урьж, цаашид хөдөө аж ахуй, газар тариалан, боловсрол, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 


Тэрээр хариуд нь бүх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ