Ц.Буянтогтох: Цэргийн бүртгэлийн үеэр батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчилдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-01-23 16:11:27

Өлгий, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 5-30-ны хооронд явуулж байна. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтохоос тодрууллаа. 


-Цэргийн нэгдсэн тоо бүртгэлийг ямар хууль, журмын дагуу явуулж байна вэ?

-Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, мөн Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан “Цэргийн бүртгэл явуулах журам”-ын дагуу улс орон даяар цэргийн нэгдсэн бүртгэл явагдаж байна. Манай аймгийн Засаг даргын 2025 оны А/892 дугаар захирамжаар 2026 оны нэгдүгээр сарын 5-30-ны хооронд цахимаар явуулж байна.


-Цэргийн бүртгэлд хэдэн насны хоорондох хүмүүс бүртгүүлэх вэ?

-Цэргийн бүртгэлд 18-50 насны иргэд, цэргийн мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд, 50 нас хүртэлх дунд офицер, мөн 60 нас хүртэлх ахлах офицерүүд хамрагдана.

 

-Цэргийн бүртгэлд иргэд хэрхэн хамрагдах вэ?

-Цэргийн бүртгэлийг иргэд тухайн байгаа газраасаа, гэрээсээ E-Mongolia систем ашиглан бүртгүүлэх боломжтой бөгөөд онцлог нь бүртгэлийг дан цахимаар явуулж байгаа. Интернэт сүлжээгүй, E-Mongolia системийг ашиглах боломжгүй иргэд тухайн сумын ЗДТГ-т иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ үзүүлэн системийн мэргэжилтнээр бүртгүүлдэг бөгөөд бүртгэлийн мэдээллийг багийн Засаг дарга, сумын ЗДТГ-ын даргаар баталгаажуулна.

Энэ жил 18 нас хүрсэн, цэргийн алба хаагаагүй иргэд багийн Засаг дарга болон сумын ЗДТГ-аар бүртгэлээ баталгаажуулж, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабт очиж цэргийн үүрэгтний үнэмлэхээ гардан авна.

 

-Цэргийн бүртгэл явуулахын ач холбогдол нь юунд оршдог вэ?

-Цэргийн бүртгэл явуулах гол ач холбогдол нь дайчилгааны бэлтгэл, нөөцийн боломж, чанар байдалд дүн шинжилгээ хийхэд оршино. Жил бүр малын тооллого, эд хөрөнгийн тооллого хийдэгтэй адил цэргийн бүртгэлийг ч жил бүр зохион байгуулдаг. Мөн бүртгэлийн үеэр батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлуудыг давхар явуулдаг. 


-Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох хариуцлага тооцдог. Тиймээс иргэдийг цэргийн тоо бүртгэлд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Холбоотой мэдээ