СЭЛЭНГЭ: Эртний Сяньбийн төрт улс байсны нотолгоо Орхон, Сэлэнгийн сав газраас олджээ

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2026-01-26 14:29:36

Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Эртний Сяньбийн төрт улс байсан байж болзошгүйг нотлох чухал булш бунхнууд Орхон, Сэлэнгийн сав газраас олдож байгааг эрдэмтэн судлаачид онцолж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаас 1800 жилийн өмнөх Сяньбийн үеийн хөндөгдөөгүй, язгууртны бунхан өнгөрсөн зун олдсон юм.      

 

Энэхүү олдвор нь Монгол Улсад олдсон Сяньбийн үеийн хамгийн анхны томоохон хэмжээний тоногдоогүй, түүхийн өндөр ач холбогдол бүхий олдворт тооцогдож байна.   

 

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судалгааны багийнхан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Сяньбигийн үеийн бунхант булшны авран хамгаалах судалгааны ажлыг гүйцэтгэжээ.

 

Тус баг энэхүү дурсгалт газрыг 2019 оны намар шинээр нээн илрүүлж, 2022-2024 онд хэмжилт болон 3D баримтжуулалтуудыг тус тус хийсэн байна.

 

Харин өнгөрсөн жил Сяньбигийн үеийн язгууртны 3 булш, жирийн иргэдийн 2 булшны археологийн авран хамгаалах малтлага судалгааг явуулсан бөгөөд малтлагын явцад язгууртны 1 булш хөндөгдөөгүй анхны байдлаараа байсан нь судлаачдын анхаарлыг татсан юм. 

Холбоотой мэдээ