УВС: Тээлийн голд ус хуримтлуулж, хаврын тариалалтыг дэмжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Наранбулаг сумын ЗДТГ нь газар тариалан эрхлэгчидтэй хамтран ирэх хаврын тариалалтын бэлтгэлийг хангах, хөрсний чийгийг нэмэгдүүлэх үүднээс Тээлийн голд ус хуримтлуулах ажлыг зохион байгуулж байна.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан гол, горхины усны түвшин багасч, газар тариалангийн бүс нутагт хаврын чийг дутагдах асуудал тулгарч байна. Үүний эсрэг гол арга хэмжээ нь өвлийн хүйтнийг ашиглан “Мөсөн далан” буюу ус хуримтлуулах технологи юм. Тодруулбал, усны нөөц бүрдүүлэхийн тулд голын усыг урсгаж алдалгүйгээр мөс болгон царцааж, хаврын шар усны үерийн үед аажмаар гэсгээж ашиглах зорилготой.
Энэхүү арга нь тариалангийн талбайн ойролцоох хөрсний чийгийг хадгалж, хаврын тариалалтын ургалтыг дэмжихээс гадна байгаль орчны тэнцвэрт нөлөөлж, голын татралтыг зогсоох, экосистемийг хамгаалахад ач холбогдолтой байна.
Энэ ажлыг Наранбулаг сум бодлогоор дэмжиж, газар тариалан эрхлэгчид техник хэрэгсэл, хүн хүчээрээ нэгдэн гүйцэтгэсэн нь орон нутгийн хөгжлийн төлөөх нэгдмэл байдлыг харуулж байна.
Тодруулбал, газар тариалан эрхлэгчид өөрсдийн нөөц бололцоог ашиглан голын мөсийг хагалж, усны урсгалыг дээшлүүлэн хачирлуулснаар зузаан мөсөн бүрхүүл үүсгэх ажлыг технологийн дагуу гүйцэтгэж байна. Ийнхүү эртнээс бэлтгэл базааснаар ирэх хаврын тариалалтад шаардлагатай усны нөөцийг тодорхой хэмжээгээр бүрдүүлж, байгаль орчны нөхөн сэргээлтэд эерэг нөлөө үзүүлж байна.

Улаанбаатар