С.Энхтогтох: Зүймэл урлал даавууны өөдсийг үнэ цэнтэй бүтээл болгодог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-01-23 12:42:48

Арвайхээр, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/.  Гар урлалын нэг гайхалтай төрөл бол зүймэл урлал юм. Даавуу, торгыг зүйж оёдог энэ урлал нь МЭӨ 3400 оны үед оршин тогтнож байсан эртний Египетийн төрт улсаас эхлэлтэй гэж үздэг. Тухайн үеийн удирдагч Фараон зааны ясан сийлбэрт зүймэл ширмэл хувцсыг өмсдөг байснаас улбаалан зүймэл урлал хөгжин дэлгэрсэн байна. Энэхүү урлалыг Өвөрхангай аймагт хөгжүүлэхээр “Урлахуй” салоноо нээсэн С.Энхтогтохтой ярилцлаа.


-Таныг номын санч гэдгээр сайн таних ч урлаач гэдгийг мэдээгүй юм байна.

-Би аймгийн Төв номын санд судалгаа, мэдээллийн ажилтнаар 20 жил ажилласан. 2024 онд тэтгэвэртээ гарч, юм оёх сонирхолтой болсон тул энэ чиглэлээр судалгаа хийхээр шийдсэн. Манай аймагт оёдолчид олон байдаг бөгөөд ихэвчлэн монгол дээл, үндэсний хувцас урладаг. Тэднээсээ арай ялгарах, өвөрмөц урлал хийх үүднээс би зүймэл урлалыг сонгосон.


Залуу байхдаа европ хувцасны эсгүүрчин, оёдолчин гэх мэргэжлээр сурч төгсөж байсан. Дараа нь “Номын сан судлал-мэдээллийн ажилтан” мэргэжил эзэмшээд хоёр гаруй жил номтой нөхөрлөж явсны дараа эргээд оёдол руугаа орж байна. Тэтгэвэрт гарсан ч гэсэн зүгээр суухгүй, нэг хүнд ч гэсэн хэрэгтэй зүйлийг нь оёж өгөөд тус нэмэр болох үүднээс “Урлахуй” салоноо нээгээд хоёр жил болж байна. Зүймэл урлал буюу бэлэг дурсгалын эд зүйл урладаг.



- Зүймэл урлал нь ажиллагаа ихтэй, нэлээн мэдрэмж шаарддаг ажил байх аа?

-Тийм шүү, их чимхлүүр, уйгагүй хөдөлмөр шаарддаг. Тэгсэн хэрнээ дахин давтагдашгүй гоё бүтээл гардаг. Торгоныхоо нимгэн, зузааныг дүйцүүлнэ. Хэрэв хамбан материал сонгосон бол бүгдийг хамбаар зүйнэ.

Оёдолчдод торго, даавууны өөдөс их гардаг. Түүнийг хог хаягдал болохоос урьдчилан сэргийлж, дахин боловсруулдаг нь байгальд ээлтэй урлал юм. Даавууныхаа өнгө, шинж чанарыг хослуулан зүйснээр юуг ч урлаж болно. Миний хувьд 108 зүйдэлтэй хүүхдийн дээл, ор, буйдангийн бүтээлэг, дэрний уут, судрын баринтаг гээд олон төрлийн эд зүйл урлаж байна. Зүйж урласан эд зүйлс гэр оронд өнгө нэмэн, их гоё чамин харагдуулдаг.


Та соёмбо үсгийг өнгийн торгоор зүйж урласан байна. Үүнд онцгой утга учир бий юу?

Өндөр гэгээн Занабазар соёмбо үсгийг анх бүтээхдээ “Миний бүтээл замбуу тивд түгэн дэлгэрэх болно” хэмээн айлдсан гэдэг. Түүний энэхүү айлдвар ёсчлон биелж, Монгол Улсын төрийн далбаагаар дамжин тив, дэлхийд түгэн дэлгэрсэн байна.


Өнгөрсөн жил Өндөр гэгээний мэндэлсний 390 жилийн ой тохиосон. Энэ түүхэн ойг тохиолдуулан соёмбо үсгийг торгоны дээд зэргийн үнэтэй материалаас шилж сонгон, зүймэл урлалын аргаар зүйж, эмжиж олон бүтээл урласан. Замбуу тивийн бүх улс орныг бэлгэдэн өнгө өнгийн торго ашигласан. Мөн Өвөрхангай аймгийнхаа газрын зураг дээр соёмбо үсгийг байрлуулж, “Өндөр гэгээний 390 жилийн ой” хэмээх бичгийг монгол бичгээр сийлж урласан.


Анхны соёмбо үсгээ зүймэл урлалаар 2023 оны зун “Нүүдэлчин” фестивальд оролцохоор урлаж байлаа. Тэр үед манай соёлын газраас найман ханатай гэр барьж, гэрийн хойд хананд миний бүтээлийг байрлуулсан нь хүмүүсийн анхаарлыг ихэд татсан. Гэрт орж ирсэн хүн бүр хоёр талд нь зогсон зургаа авахуулж байсан нь сонирхол, хүндэтгэл ямар их байсныг илтгэж байлаа.


Өвөрхангай нутгаар овоглодог хүмүүс соёмбо үсгээ онцгойлон дээдэлдэг нь тэндээс тод харагдсан. Үүнээс улбаалан бэлэг дурсгалд зориулсан, жижиг хэмжээтэй бүтээл хийх нь чухал юм байна гэж бодож олон тоогоор урласан.


-Та бас өөртөө үйлчлэх шинэлэг үйлчилгээг нээжээ?

-Хувь хүн хувцас оёх, загварыг нь өөрчлөх, өмдний түрий багасгах зэрэг жижиг оёдлын ажил хийх шаардлага гардаг ч оёдлын машин байхгүй тохиолдол цөөнгүй. Ийм үед манайд ирж, өөрөө оёх боломжийг бүрдүүлсэн.

Мөн оёх сонирхолтой ч зааж чиглүүлэх хүнгүй, оёдлын машин эзэмшдэггүй залуус ч олон байдаг. Тиймээс манай урланд ирснээр оёдлын болон хэрээсний машин, уурын индүүг ашиглан хүссэн зүйлээ өөрийн гараар хийх боломжтой. Манай аймагт өмнө нь байгаагүй, шинэлэг үйлчилгээ болов уу гэж бодож байна. Үүнээс гадна европ хувцасны засвар, үйлчилгээг ч мөн үзүүлж байна.












Холбоотой мэдээ