ДОРНОГОВЬ: Галбын говийн улаан буур
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. "Сайн бууран тэмээний шинж бол гуя зузаан, таваг бөх, сайхан галбиртай, бие тавиун, мах ноос сайтай байдаг" гэж Мандах сумын аймгийн аварга тэмээчин Г.Ганхуяг өгүүлсэн юм.
Зураг дээрх буур нь Галбын говийн улаан тэмээний удам бөгөөд биеийн галбир сайтай, 18 орчим кг ноос гаргадаг ашиг шимтэй буур юм. Буурын ороо орох цаг нь цаг агаар, тарга хүч, биеийн онцлог, наснаас хамааран харилцан адилгүй бөгөөд ойролцоогоор 12 дугаар сарын дунд үеэс гуравдугаар сарын сүүлч хүртэл, тодорхой үе шаттайгаар 100 орчим хоног үргэлжилдэг.
Орсон буурын биеийн байдал, гаднах өнгө төрх нь өмнөхөөсөө илүү хүчирхэг, сүртэй болдог төдийгүй барааг нь харахаас ч сүрдэм, сүрлэг харагдана. Амаар нь дүүрэн цагаан хөөс сагарч, цээж нь хүнгэнэн ер бусын дуу хоолой гарах төдийгүй эзнээс нь өөр хүн ойртоход ч бэрх байдаг билээ.
Мандах сумын нутаг нь Галбын говийн улаан тэмээ, Ханын хэцийн хүрэн тэмээ хэмээх үүлдрийн тэмээний удам угшил тархсан газар юм. Тиймээс Мандахын улаан тэмээг сурталчлах зорилгоор тус сум “Түмэн тэмээний эзэд” нэртэй тэмээний наадмыг уламжлал болгон жил бүр зохион байгуулж байна.

Улаанбаатар