Буриадын оюутнууд Монголд соёл, урлагийн чиглэлээр суралцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд С.Б.Дагаеваг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Боловсролын яам Буриадын Соёлын яамтай 1999 онд байгуулсан соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд соёлын ажилтан бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2010 оноос хойш жил бүр ардын дуу, бүжиг, үндэсний соёл, урлагийн чиглэлээр суралцах хүсэлтэй таван буриад оюутанд Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг олгодог.
2025-2026 оны
хичээлийн жилд Монгол Улсын Соёл, урлагийн их сургууль болон Монгол Улсын
Консерваторт суралцах буриад оюутанд дээрх хэлэлцээрийн дагуу Засгийн газрын
тэтгэлэг олгожээ.
Уулзалтын үеэр Буриадын сайд циркийн чиглэлээр 15 буриад суралцагчийг Монгол Улсын Консерваторт суралцуулах хүсэлтийг тавив. Үүний хариуд, Боловсролын сайд П.Наранбаяр циркийн чиглэлээр буриад иргэдийг суралцуулах асуудлыг судлан хариу өгөхөө илэрхийллээ гэж Боловсролын яма мэдээлэв.
Улаанбаатар