ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-01-23 16:41:16

Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг нэгдүгээр сарын 23-нд Зуунмод суманд зохион байгуулж, 400 гаруй иргэн оролцлоо.


Энэхүү зөвлөгөөнийг “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атар IV” мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх аян, мөн Төв аймгийн газар тариалангийн салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулсан юм.


Зөвлөгөөнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс зэрэг холбогдох байгууллагын удирдах ажилтнууд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэн бизнес эрхлэгчид тулгамддаг асуудлаа хэлэлцэв.


ЗДТГ-ын БОНБТХОХ-ийн дарга Э.Уянга, Төв аймаг ИТХ-ын тогтоолоор 2025 оныг “Бизнесийн хөгжлийг дэмжих урианы жил” болгон зарлаж, урианы жилийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг бодлогоор дэмжин төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран олон ажлыг хэрэгжүүлсэн.  


Аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 3200 баялаг бүтээгч иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж улсын хэмжээний үр тарианы 16.8 хувь, төмсний 55.7 хувь, хүнсний ногооны 16.5 хувь, тосны ургамлын 22.7 хувь таримал тэжээлийн 35.6 хувийг манай аймаг үйлдвэрлэж байна гэв.


Мөн Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр сум бүрээс 2 үйлдвэрлэл эрхлэгчийг сонгон 50 хүний бүрэлдэхүүнтэй багийг бүрдүүлж, БНХАУ-ын үйлдвэрүүдтэй танилцах, туршлага солилцох, сав баглаа боодлыг сайжруулах аяллыг зохион байгуулах бөгөөд зардлыг аймаг гаргахаар төлөвлөсөн байна.



Холбоотой мэдээ