СҮХБААТАР: УИХ-ын дарга Н.Учрал шинээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийг дэмжин ажиллахаа илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2026 оны нэгдүгээр 23 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж байна. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга М.Идэрбат орон нутгийн хөрөнгө оруулалт болон цаг үеийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.
Сүхбаатар аймаг 66,535 хүн амтай бөгөөд өнгөрсөн онд орон нутгийн төсвийн орлого 86 тэрбум төгрөгт хүрчээ.

Монгол Улсын засгийн газраас зүүн бүс нутгийн хөгжлийн тулгуур нь хөдөө аж ахуй болон аялал жуулчлал гэж тодорхойлсон. Сүхбаатар аймгийн мал сүрэг 2023 оноос хойш тавиас илүү хувиар буурсан. Ингэснээр малаас авах түүхий эд, ашиг шим түүнийг дагасан үйлдвэрлэл буурсан. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор малын зарим төрөлд өсөлт ажиглагдаж эхэлсэн байна. Харин аялал жуулчлалын салбарт өнгөрсөн онд Сүхбаатар аймгийг зорих жуулчдын тоо эрс нэмэгджээ.
Тодруулбал, өнгөрсөн онд дотоодын 40,702, гадаадын 11,057 жуулчин Сүхбаатар аймагт иржээ. Гэсэн хэдий ч аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хийж буй хөрөнгө оруулалт, бодит ажлууд хангалтгүй, жуулчдыг хүлээж авах нөхцөл байдал дутмаг байгаа зэрэг асуудал бий. Тиймээс цаашид зөвхөн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбараар хязгаарлагдах бус, орон нутгийн хөгжил, эдийн засгийг дэмжих гол салбар болох аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд илүү анхаарч, бодлогоо боловсруулан ажиллаж байгаагаа аймгийн Засаг дарга М.Идэрбат танилцууллаа.
Сүхбаатар суманд цайр болон молибдений үйлдвэр, Эрдэнэцагаан суманд хөнгөн цагааны үйлдвэр барих бэлтгэл ажил эхэлсэн. Зөвхөн энэ гурван үйлдвэрийг ашиглалтад оруулснаар шинээр 8000 тогтмол ажлын байр бий болохоор тооцоолжээ.
Мөн орон нутгийн хөгжилтэй уялдуулан Бичигт боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг хийхэд хамтран ажиллах хүсэлтээ уламжилсан байна.
Харин УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймаг бие даан олон төрлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж буй нь сайн жишиг болохыг онцлов. Орон нутгийн хөгжил, эдийн засгийг дэмжих бүхий л санал, санаачилгыг дэмжин ажиллана. Гэхдээ хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчинд хэрхэн ажиллах талаар дахин хэлэлцэх шаардлагатайг тэмдэглэв.
УИХ-ын дарга томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж, урагшлуулснаар орон нутаг төсвийн хувьд төрөөс хараат бус болж, ажлын байр нэмэгдэн, иргэдийн орлого өсөх нь гарцаагүй гэдгийг онцолж, зөв санаачилгыг үргэлж дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын өмнө УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын багийг их жанжны талбайд Баруун-Урт цэргийн хүрээний бүрэлдэхүүн угтан авлаа. Тэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийлсэн юм.
Улаанбаатар