СҮХБААТАР: Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөлтэй холбоотойгоор замын ажил удааширч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-01-23 21:09:14

Баруун-Урт, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Н.Учрал болон ажлын багийн гишүүд Бичигт- Баруун-Урт чиглэлийн хүнд даацын 152 км авто замын ажилтай танилцлаа. Замын ажил үргэлжилж байгаа ч  түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл гурван яам дамжин шийдэгддэг нь ажил удаашрах, гацах гол шалтгаан болж байна гэлээ.

Тус замын гүйцэтгэгчээр “Монгол зам” компани ажиллаж байна. Ажлыг урагшлуулах зорилгоор байгалийн хайргыг зөвшөөрөлгүй ашигласантай холбогдуулан 200 сая төгрөгийн торгууль ногдуулсан бөгөөд уг асуудал одоогоор шүүхийн шатанд шилжсэн талаар компанийн захирал Б.Цогтсэргэлэн тайлбарлалаа.
 

Харин УИХ-ын дарга хэлэхдээ, уг авто замын бүтээн байгуулалт цаг алдалгүй урагшлах ёстой. Энэ зам ашиглалтад орсноор манай улс Ази, Европыг холбосон авто замын сүлжээтэй болно. Монгол Улс далайд гарцтай болж, бүс нутгийн худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлт нэмэгдэх олон талт ач холбогдолтой юм. Тиймээс ямар нэг саад тотгоргүйгээр замын ажлыг урагшлуулах, товлосон хугацаанд дуусгахын тулд анхаарна. Нэн тэргүүнд  түгээмэл тархацын ашигт малтмалын зөвшөөрөл, бусад холбогдох эрхийг орон нутагт нь өгөх асуудлыг яаралтай шийдэх нь зөв. Үнэхээр ийм жижиг асуудлаар том бүтээн байгуулалтын ажлуудыг гацааж болохгүй гэдгийг тодотголоо.


Улмаар уг асуудлыг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр болон тухайн бүсээс сонгогдсон бусад гишүүд ахлан хөөцөлдөхийг үүрэг болголоо. Харин хариуцан ажиллах гишүүд богино хугацаанд бодит үр дүн гаргахын төлөө анхаарч ажиллахаа илэрхийлэв. 


Энэ оны улсын төсөвт уг замын бүтээн байгуулалтад 16 тэрбум төгрөг тусгасан нь хангалтгүй байгааг гишүүд болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл онцолж байна. Иймд тус төсвийн хуваарилалтыг дахин нягталж, эргэн харах шаардлагатай гэдэгт талууд санал нэгдлээ. 

Холбоотой мэдээ