ОРХОН: Мянган цэцгийг хотынхоо ойд зориулан хандивлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. “Сэцэн” ХХК-ийн “Сансар” зочид буудлын захирал Б.Цэдэндорж өөрийн тарьж ургуулсан мянга орчим цэцгийг Эрдэнэт хотынхоо 50 жилийн ойд зориулан бэлэглэхээ илэрхийлэв.
Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөлтэй аймгийн удирдлагууд өнөөдөр уулзлаа. Уулзалтад “Ландмарк”, “Наадам центр”, “Тесоро зочид буудал”, “Сансар”, “Сэлэнгэ”, “Молор-Эрдэнэ”, “Хуримт”, “Жем”, “Цацал” зэрэг нийт 15 зочид буудлын удирдлага, төлөөлөл оролцов.
Уулзалтын үеэр тэд Эрдэнэт хотын 50 жилийн ойг угтсан ажлуудад идэвхтэй оролцож, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Мөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн сайн сайханд чиглэсэн ажил санаачлан хэрэгжүүлэх, ногоон байгууламж байгуулах, цэцэрлэгт хүрээлэн, төгөл тохижуулах зэрэг хотын өнгө үзэмжийг сайжруулах үйлсэд хувь нэмрээ оруулан идэвхтэй дэмжиж ажиллах нь томоохон хөрөнгө оруулалт болохыг аймгийн удирдлага уриаллаа.



Улаанбаатар