ДӨРӨВ ДЭХ ДОЛОО ХОНОГ: Газын зурвасыг удирдах Энхийн зөвлөлийг байгуулав
ТОЙМ
УЛААНБААТАР, 2026 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Газын зурвасыг удирдах Энхийн зөвлөл байгуулснаа зарлаж, Гренландын асуудлаар Европын холбоотнуудтайгаа тохиролцоонд хүрчээ. Үүний сацуу алтны үнэ 5000 ам.доллар руу дөхөж, мөнгөний үнэ түүхэнд анх удаагаа 100 ам.доллароос давсан бол Олон улсын валютын сан энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх таамгаа ахиуллаа. Ингээд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна
Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлд нэгдлээ
Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо. Тус зөвлөлийн дүрэмд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Давос хотноо жил тутам болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр гарын үсэг зурлаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Давосын чуулга уулзалтын үеэр Газын зурвасыг удирдах Энхийн зөвлөлийг байгуулснаа мэдэгдэж, өөрийнх нь тэргүүлэх уг зөвлөлд нэгдэхийг улс орнуудад уриалсан юм. Дүрэмд гарын үсэг зурах ёслол эхлэхийн өмнө 20 орчим минут үг хэлэх үеэрээ Ерөнхийлөгч Д.Трамп өөрийнх нь байгуулж буй уг зөвлөлийн гишүүдийг “одод” хэмээн нэрлээд, бүрэлдэхүүнд нь “дэлхийн хамгийн чухал хүмүүс” багтсан гэж мэдэгдэв.
Энхийн зөвлөлийн дүрэмд дэлхийн 19 орны удирдагч гарын үсэг зуржээ. Монгол Улсын Ерөнхий сайдаас гадна Азербайжан, Аргентин, Армени, Бахрейн, Болгар, Унгар, Индонез, Йордан, Катар, Марокко, Казахстан, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Пакистан, Парагвай, Саудын Араб, Турк, Узбекстаны төр засгийн тэргүүн нар, мөн өөрийгөө зарлан тунхагласан Косовогийн төлөөлөгч гарын үсэг зурсан байна. Энэхүү зөвлөл нь “олон улсын энхийг сахиулах үйл ажиллагааг үр дүнтэй явуулах”-д анхаарах бөгөөд ингэснээр НҮБ-ын үүрэг, байр сууринд сорилт болж магадгүй гэж үзэж байна. Тус зөвлөл нь гүйцэтгэх хорооны үйл ажиллагааг хянах бөгөөд түүний бүрэлдэхүүнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр, мөн Газын зурвасын асуудал хариуцсан зөвлөл орно. Гэхдээ зөвлөлд нэг ч палестин төлөөлөгч багтаагүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Гренландыг өөрийн хяналтад авах тухай өмнө нь хийсэн мэдэгдлээсээ ухарлаа. Давост хэлсэн үгэндээ тэрбээр Данийн харьяанд байдаг энэхүү нутаг дэвсгэрийг цэргийн хүчээр эзлэхгүй гэдгээ амлаж, мөн цөөн тооны цэрэг илгээсэн Европын орнуудын бараа бүтээгдэхүүнд нэмж татвар тогтоохгүй гэдгээ мэдэгдлээ.
Ираны засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалыг хүчээр дарсны дараа түр зуурын нам гүм байдал тогтоод байна. Вашингтонд төвтэй хүний эрхийн HRANA байгууллага тус улсад 4 500 гаруй хүн амиа алдаж, 26 000 орчим хүн баривчлагдсан гэдгийг баталсан байна. Гэвч бодит тоо үүнээс их байж магадгүй. Ираны иргэд одоо ч гэсэн интернэт үйлчилгээтэй холбогдож чадахгүй байгаа бөгөөд утас, мессежийн үйлчилгээ тасалдсан хэвээр байна.
Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ хоёрдугаар сарын 8-нд ээлжит бус сонгууль зарлалаа. Тус улсын Ерөнхий сайд нар доод танхимыг тараах эрхтэй байдаг хэдий ч сүүлийн 60 жилийн хугацаанд парламентын ээлжит чуулган эхлэхийн өмнөхөн доод танхимыг тараасан анхны тохиолдол нь энэ болж байна.
Хятад улс Элчин сайдын яамныхаа шинэ байрыг Лондонд барих зөвшөөрлийг авлаа. Олон жил хойшлуулсны эцэст Их Британийн засгийн газар уг цогцолборыг Лондон Тауэрийн ойролцоо барихыг зөвшөөрсөн байна. Шинэ яамыг Лондоны санхүүгийн бүсийн ойролцоо байрлах Хятадын тагнуулын төв болж магадгүй гэсэн хардлага байна. Харин Засгийн газар эдгээр эрсдэлийг үнэлж үзсэн бөгөөд үндэсний аюулгүй байдлаа хамгаалах болно гэж мэдэгдлээ. Ерөнхий сайд Кир Стармер Хятадтай илүү нягт бизнесийн харилцаа тогтоохыг зорьж байгаа бөгөөд удахгүй тус улсад айлчлах төлөвтэй байна.
Испанийн Кордова мужийн Адамуз хотын ойролцоо хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 43 хүн амиа алдсан осол гарлаа. 1992 онд нээгдсэн, Европт хамгийн өргөн сүлжээ бүхий Испанийн өндөр хурдны төмөр зам дээр хүний амь эрсэдсэн ноцтой осол анх удаа гарлаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тусгай төлөөлөгчид болох Стив Уиткофф, Жаред Кушнер нар Давост Оросын төлөөлөгчидтэй уулзаж, Украин дахь дайныг зогсооход чиглэсэн Вашингтоны төлөвлөгөөг хэлэлцлээ. Талуудын аль аль нь уулзалтыг амжилттай болсон гэж дүгнэлээ. Оросын Ерөнхийлөгч В.Путин мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ хооронд Оросын цэргийн довтолгоо үргэлжилснээр Киев хотын ихэнх дүүрэг гэрэл цахилгаангүй, усгүй болсон бөгөөд 20 жилийн хугацаан дахь хамгийн хүнд өвлийг даван туулж байна.
Африкийн цомын тэмцээний финалын тоглолтод Сенегалын шигшээ баг талбайн эзэн Мароккогийн багийг хожсоноор тивийн аваргаар шалгарлаа. Финалын тоглолтын үеэр спортын ёс зүйд нийцэхгүй үйлдлүүд гарч багагүй дуулиан тарилаа. Тоглолтын үед бороотой байсан ба бороо орж буй нөхцөлд бөмбөг дамжуулдаг марокко хүүхдүүд Сенегалын хаалгачийн алчуурыг булааж, түүн рүү мөн лазер гэрэл тусгажээ. Гэсэн хэдий ч Мароккогийн шигшээ баг шударга тоглолтын шагнал хүртлээ.
Олон улсын валютын сан (ОУВС) энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх таамгаа 3.3 хүргэж ахиуллаа. Тус сангаас мэдэгдсэнээр, дэлхийн эдийн засаг татварын бодлогын нөлөөг “тодорхой хэмжээгээр тэсвэрлэж” байгаагаас гадна, худалдааны маргаан намжсан гэжээ.
Хятадын эдийн засаг 2025 онд 5 хувиар тэлсэн нь ДНБ-ийн зорилтод үзүүлэлтэд нийцлээ. Дотоодын эрэлт сул хэвээр байсан боловч экспорт өссөн нь эдийн засаг өсөхөд нөлөөлсөн байна. Мөн Хятадад төрөлт 1000 хүн тутамд 5.63-д хүрч, 1949 онд коммунистууд эрх барьж эхэлснээс хойших хамгийн доод түвшинд хүрлээ. Хүн амын тоо 3.4 саяар буурч, 1.4 тэрбум орчим болсон байна.
Нью-Йоркийн Comex таваарын биржийн арилжааны явцад гуравдугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс үнэ 3.8 хувиар өсөж, нэг унц нь 100.035 ам.долларт хүрснээр анх удаа 100 ам.долларын босгыг давлаа. Үүний сацуу алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрч 5000 ам.доллар луу дөхсөн байна. Алт, мөнгөний үнэ өсөж байгаа нь геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал, АНУ-д мөнгөний бодлогыг сулруулах төлөвтэй байгаа нь "эрсдэл багатай активуудын" эрэлтийг нэмэгдүүлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзжээ.Blue Origin компани Starlink-тэй өрсөлдөнө
Жефф Безосын эзэмшлийн “Blue Origin” компани өгөгдлийн төвүүд, компаниуд болон засгийн газруудад үйлчлэх зорилгоор 5 408 хиймэл дагуул бүхий харилцаа холбооны сүлжээг байгуулах төсөл хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ. TeraWave гэх нэртэй энэхүү төсөл нь 10 000 орчим хиймэл дагуул бүхий Илон Маскийн Starlink сүлжээтэй шууд өрсөлдөх боловч жирийн хэрэглэгчдэд үйлчлэхгүй юм.- Украин дахь дайныг зогсоох АНУ-ын төлөвлөгөөний талаарх Украин, Орос, АНУ-ын төлөөлөгчдийн шууд хэлэлцээ Абу Дабид үргэлжилнэ.
- "Mrs. World 2026" гоо бүсгүй шалгаруулах уралдаан Лас-Вегаст үргэлжилнэ.
- Австралийн нээлттэй тэмцээн үргэлжилнэ.
- Уран гулгалтын дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 25-нд Хятадын нийслэл Бээжин хотноо дуусна.
- Японы парламентын доод танхимын ээлжит бус сонгуулийн кампанит ажил нэгдүгээр сарын 27-нд албан ёсоор эхэлнэ.
- Футзалын Азийн цомын төлөөх 18 дахь удаагийн тэмцээн нэгдүгээр сарын 27-нд Индонез улсад эхэлнэ.
- “WallStreetBets Live 2026” олон улсын бага хурал нэгдүгээр сарын 28-30-ны хооронд АНУ-ын Флорида муж улсын Майами хотод болно.
- Крипто, блокчейн, санхүүгийн технологийн салбарын нөлөө бүхий төлөөллүүдэд зориулсан "Satoshi “Roundtable XII” хаалттай уулзалт АНЭУ-ын Дубай хотод нэгдүгээр сарын 29-нд эхэлнэ.
- Формула-E буюу цахилгаан хөдөлгүүрт авто машины уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 31-нд АНУ-ын Майами хотод болно.
- Технологийн салбарын хамгийн том чуулган болох "Web Summit" нэгдүгээр сарын 31-нд Катарын Доха хотод эхэлнэ.
Улаанбаатар