То Лам ВКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2026-01-24 14:30:12

ХАНОЙ, 2026 оны нэгдүгээр сарын 24 /VNA/. Вьетнамын эрх баригч Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга То Ламыг уг албан тушаалд дахин томилсноор тэрбээр 2026-2031 онд намын дээд албан тушаалыг үргэлжлүүлэн хашихаар болсон тухай тус улсын төрийн мэдээлийн VNA агентлаг мэдээлжээ.


То Ламыг БНСВУ-ын Коммунист намын XIV их хурлын Төв хорооны анхдугаар бүгд хурлаар сонгосон байна. Мөн Вьетнамын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчоог 19 хүний ​​бүрэлдэхүүнтэйгээр сонгожээ. 


Намын Төв хорооны шинэ гишүүдийг нэгдүгээр сарын 19-23-нд Ханойд болсон XIV их хурлаар сонгожээ. Шинэ бүрэлдэхүүн Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчоо, Нарийн бичгийн дарга нарын газар болон Төв Хорооны хяналт-шалгалтын комиссыг сонгохын тулд баасан гарагт анхдугаар бүгд хурлаа хийсэн байна. 


Төв хорооны шинэ гишүүдийн болон баасан гарагт сонгогдсон Улс төрийн товчооны шинэ гишүүдийн жагсаалтад Вьетнамын Ерөнхийлөгч Лыонг Кыонг, Ерөнхий сайд Фам Минь Чин нарын нэрс байхгүй байгаа нь тэд удахгүй хашиж буй төрийн албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг илтгэж байж магадгүй юм. Төрийн дээд албан тушаалтнуудын халаа сэлгээг намын их хурлаас санал болгосноор Вьетнамын парламент шийддэг. Мөн гуравдугаар сард Вьетнамд бүх нийтийн сонгууль болно.


То Лам 2024 оны наймдугаар сард Вьетнамын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2026 он хүртэлх хугацаанд анх удаа сонгогдсон юм. Тухайн үед тэрбээр мөн Ерөнхийлөгчийн албыг давхар хашиж байсан бөгөөд 2024 оны тавдугаар сард “ёс зүйн зөрчил” гаргасан хэмээн огцорсон Во Ван Тхыонгийн оронд уг албан тушаалыг хашиж байв. Мөн оны аравдугаар сард Ерөнхийлөгчийн албан тушаал То Ламаас армийн генерал Лыонг Кыонгт шилжжээ.


Вьетнамын Коммунист нам 1930 онд байгуулагдсан бөгөөд Их хурал нь нийт 13 удаа хуралдаж байв. Энэ удаагийн их хуралд 5 сая гаруй намын гишүүдээс сонгогдсон 1586 төлөөлөгч оролцжээ. 


Вьетнамын Коммунист намын XIV их хурал нь өөрчлөлт шинэчлэлтийн Дой Мой (Chính sách Đổi Mới) бодлогыг хэрэгжүүлснээс хойш 40 жил, намын 1991 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш 35 жилийн дараа болж байгаагаараа онцлогтой.


Үүнээс гадна XIII их хурлын тогтоолын хэрэгжилтийг дүгнэж, цаашдын дунд болон урт хугацааны зорилго, 2045 он хүртэлх алсын харааг хэлэлцсэн байна. 




Холбоотой мэдээ