Багшлах арга зүй, сургалтын чанарыг сайжруулах чиглэлд хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар болон “Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг” нь онол практикийн бага хурал, сургуульд суурилсан менежмент, үнэлгээ, зөвлөн туслах үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зорилгоор талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжих багшлах арга зүйг сайжруулах зорилгоор үндэсний хэмжээнд онол практикийн хурал зохион байгуулах юм. Үүнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын багш, удирдах ажилтан, мэргэжилтэн, судлаачдыг хамруулж, хичээлийн судалгааг дэмжсэн хурал, судалгаат хичээлийн өдөрлөгийг зохион байгуулна. Мөн хичээлийн судалгааны үндэсний эксперт, бүсийн болон орон нутгийн сургагч багш бэлтгэхэд чиглэнэ.
Түүнчлэн сурагч, багш, сургуулийн үнэлгээ болон менежментийн чиглэлээр сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөн туслах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд боловсролын байгууллагын удирдлагын менежментийн ISO-21001 стандарт /MNS ISO-21001:2018, 2021, 2025/ төлөвлөх-хэрэгжүүлэх-үнэлэх-сайжруулах зарчмын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх юм.
Мөн ээлжит болон нэгж хичээлийн чанарыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хичээлийн судалгааг ашиглах арга зүйн дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, мэргэжлийн бүлгээр ажиллах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн зөвлөн туслах үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж.
Талуудын байгуулсан санамж бичигт XXI зууны боловсролын чиг
хандлага, өөрчлөлтөд нийцсэн сургалт зохион байгуулах, судалгаа хийх, олон
улсын хурал, зөвлөгөөнд оролцох, туршлага солилцох, гадаад хамтын ажиллагааны
хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.
