Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт, дэмжлэг үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч ажилтнуудтай уулзлаа.
Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, 2025 онд аймгийн хэмжээнд 1296 эх төрсөн нь өмнөх оныхоос 97 төрөлтөөр буурч, 466 нас бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 8.8 хувиар нэмэгдсэн байна. Нийт нас баралтын 19.4 хувь нь сэргийлж болох нас баралт буюу осол гэмтэл, зүрх судас, хорт хавдар зэрэг шалтгаантай байна. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв /БОЭТ/ 2025 онд 215 мянган хүнд амбулаторийн үзлэг хийж, 9402 хүн хэвтэн эмчлүүлсэн. Мөн 2495 мэс засал, 5456 түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлээд байна. БОЭТ-д MRI, гемодиализын аппарат, суурин компьютерийг сайжруулах, сумын эрүүл мэндийн төвд тоноглосон түргэн тусламжийн машин, зарим барилга байгууламжийн засвар шинэчлэлийн ажилд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа талаар санал хүсэлтээ хэлэв.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого чиглэл, аймаг орон нутагт чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт бүхий төслийн талаар танилцуулж, эмч ажилтнуудтай санал солилцлоо.
Хүн амын нас баралтад нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулах,
яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээ, харвалт шигдээсийн шалтгаант
өвчлөлийг бууруулах нь нэн тэргүүний зорилт. Азийн хөгжлийн банкны
санхүүжилтээр 21 аймагт гэмтэл, харвалт, шигдээс, эрчимт эмчилгээ, түргэн
тусламжийг сайжруулах 225 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ. Нэг аймагт 7-10 сая
ам.долларын хөрөнгө оруулалт, хүний нөөцийн сургалт, тоног төхөөрөмжийн
нийлүүлтийг хоёр жилийн хугацаанд хийх юм. Энэ төслийн хүрээнд тус аймгийн
эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, тоног төхөөрөмжөөр
хангахаа илэрхийллээ.
