Ази-Номхон далайн Нүд судлалын академийн шагналыг Монголын эмч С.Энхтуулд олгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгт хоёрдугаар сарын 5-8-нд болж буй Ази-Номхон далайн Нүд судлалын академийн 41 дүгээр хуралдааны үеэр Монгол Улсад нүдний мэс заслын эмчилгээг хөгжүүлэх, сургалтын баазыг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн эрхлэгч С.Энхтуулд Distinguished Service Awards-2026 шагналыг олгожээ.
Ази-Номхон далайн Нүд судлалын академийн Distinguished Service Awards шагналыг “Ази, Номхон далайн бүс нутагт нүдний тусламж үйлчилгээг хөгжүүлэх, эмч нарыг сургаж дадлагажуулахад оруулж буй онцгой хувь нэмэр, гарамгай гавьяа зүтгэлийг үнэлж” олгодог ажээ. Академийн гишүүн улс орнууд нүдний эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх үйлсэд хүчин зүтгэж хүндтэй хувь нэмэр оруулсан, тухайн салбартаа хошуучилж, манлайлж буй эмч нараа эл шагналд нэр дэвшүүлдэг бөгөөд Академийн Сонгон шалгаруулах тусгай хорооноос нэр дэвшигчдийн үйл ажиллагаатай танилцан, улмаар Академийн Зөвлөлд “нэг улсаас нэг хүн” гэх зарчмаар өөрсдийн саналаа өргөн барьдаг байна. Академийн Зөвлөл уг саналыг хүлээн аваад нэр дэвшигчдийг тодорхой шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн хянаж батламжилснаар шагналын эзэд эцэслэн тодордог ажээ. 1981 оноос олгож буй энэхүү нэр хүндтэй шагналыг Монгол Улсаас өмнө нь нүдний нэрт мэс засалч, Ардын эмч Ж.Баасанхүү зэрэг эмч хүртэж байжээ.
Distinguished Service Awards-2026 шагнал хүртсэн С.Энхтуул нь 2009 оноос Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасагт нүдний эмч, 2021 оноос тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаа ажээ. Тэрбээр АНУ, Канад, Энэтхэг, Өмнөд Солонгос, БНХАУ-д мэргэжил, ур чадвараа дээшлүүлэн суралцаж Монгол Улсад нүдний торлог шилэнцрийн өвчний цогц оношилгоо, эмчилгээг хөгжүүлэхэд өөрийн жинтэй хувь нэмэр оруулсан байна.
Ташрамд дурдахад, орон орны нүдний эмч нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн адил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой Ази-Номхон далайн Нүд судлалын академи нь гишүүнчлэлдээ 27 улс, байгууллагыг багтаасан тив, дэлхийд нэр хүндтэй мэргэжлийн байгууллага бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн нүдний эмч нарын 59 хувь буюу 120 мянган эмч ажилладаг байна.