Ипотекийн сан байгуулахыг судалж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ипотекийн эх үүсвэр хязгаарлагдмал учир барилгын борлуулалтад хүндрэл тулгардгийг шийдэхийн тулд НЗДТГ-аас Ипотекийн сан байгуулахаар судалж байна.
Үүний тулд эхний ээлжид Сэлбэ дэд төвд 9000 орчим айлын орон
сууцыг ипотекийн эх үүсвэр гарган, 8 хувийн хүүтэй зээл олгож борлуулахаар
төлөвлөөд байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.
Түүгээр ч үл барам “Хөгжингүй улсын хотууд ипотекийн банктай
байдаг жишиг рүү орох ёстой”-г Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч Х.Нямбаатар, холбогдох албаныхан барилга, дэд бүтцийн салбарын бизнес
эрхлэгчидтэй уулзах үеэр онцолж байлаа.
Уулзалтаар нийслэлийн газар, цахилгаан, дулаан, ус хангамж,
инженерийн дэд бүтцийн талаар хэлэлцэж, дээрх салбарын аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж
буй асуудлаар санал солилцлоо.

Х.Нямбаатар “Улаанбаатар хотод барилгын салбар хөгжихөд саад
учруулдаг асуудлын нэг нь цахилгаан, дулаан, дэд бүтцийн техникийн хангамж нөхцөл.
Цахилгаан хангамжийг ойрын нэг, хоёр жилд шийдэхийг зорьж байна. Дулааны хувьд Эмээлтийн
24 мВт, Дэнжийн мянгын 93 мВт-ийн станц, ЭХЯ-наас хэрэгжүүлж буй “Хан
хиллс”-ийн 63 мВт эх үүсвэрийг нэмж байна. Энэ нь барилгын компаниуд төслөө эхлүүлэх
гол хүчин зүйл” гэдгийг онцолсон юм.
Мөн “Энэ салбарт хүний нөөц дутагдалтай. Гадаадын ажиллах
хүч авахад өртөг их. Барилгын салбарын өөр нэг бэрхшээл нь хууль эрх зүйн орчин
юм. Барилгын норм, журам нь өртөг их, хүнд хийцлэлтэй стандарттайг хөнгөвчлөх
саналаа ХББОСЯ-нд хүргүүлсэн. Барилгын хууль тогтоомжийг хойд Европын стандарт
руу шилжүүлэх шаардлага бий”-г тодотгоод барилгын зөвшөөрөл олгох явцыг хялбаршуулж,
төр, хувийн хэвшлийн түншлэлээр барилгын компаниудад ашигтай төслийг санал
болгохоо илэрхийлжээ.