СЭЛЭНГЭ: "Түнхэл-өвлийн наадам-2026” анхдугаар наадам эхэллээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2026-02-07 18:06:59

Сүхбаатар, 2026 оны хоёрдугаар сарын  7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд "Түнхэл-өвлийн наадам-2026” анхдугаар наадмын нээлт өнөөдөр боллоо.

 

Уг наадам нь өвлийн спортыг хүүхэд залууст сурталчлах, тэдний чөлөөт цагаараа спортоор хичээллэх хүсэл зорилгыг нэмэгдүүлэх, орон нутгийн байгалийн онцлогт тулгуурлан 4 улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.

 

Наадамд Улаанбаатар, Архангай, Хөвсгөл, Төв, Орхон, Сэлэнгэ, Дархан-уул аймгаас 530 гаруй тамирчин оролцож байна.

 

Тамирчид тэшүүр, сноуборд, мөсөнд авиралт, мөсний сур харваа, ганган жороо зэрэг спортын 9 төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

 

Наадмын нээлтийн үеэр уг наадмыг уламжлал болгон жил бүр зохион байгуулж, өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана хэмээн аймгийн Засаг дарга онцоллоо.  

 

Анхдугаар наадмыг Түнхэл тосгоны Нутгийн зөвлөлөөс санаачлан, ССАЖЗЯ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Мандал сумын ЗДТГ, Түнхэл тосгоны захирагчийн алба, аймгийн БТСГ, аймгийн Соёл урлагийн газар, нутгийн иргэд, ААН байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

 

Тус наадмыг 2000 орчим иргэн үзэж сонирхохоор иржээ. Наадам маргааш үргэлжилнэ.