Олон улсын эпилепсийн өдрийг тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөс Олон улсын эпилепсийн өдрийг өнөөдөр тэмдэглэнэ.
Эпилепси нь хүүхдийн мэдрэлийн тогтолцоонд түгээмэл тохиолддог архаг эмгэгүүдийн нэг, урт хугацааны эмчилгээ, тасралтгүй хяналт, сэргээн засах цогц тусламж шаарддаг өвчин юм. Жил бүрийн хоёрдугаар сарын хоёр дахь даваа гарагт тэмдэглэдэг энэ өдөр нь олон нийт, эцэг эх, асран хамгаалагч болон эрүүл мэндийн ажилтнуудын дунд эпилепсийн талаарх шинжлэх ухаанд суурилсан зөв ойлголтыг түгээх, эерэг хандлагыг төлөвшүүлэх, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад ач холбогдолтой.
Судалгаагаар олон улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 20-25 хувь нь эпилепси буюу уналт таталтын эмгэгтэй байдаг. Мөн тархины саажилттай хүүхдүүдийн 30 хувь, аутизмтай хүүхдүүдийн 15 хувь нь эпилепситэй гэсэн тоон мэдээлэл бий.
Үйл ажиллагаанд эпилепситэй болон бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, төвийн эмч, мэргэжилтэн, сувилагч, багш нар болон холбогдох байгууллага, олон нийт оролцох юм.