УВС: “Бошигтын бух” усалгааны сувгийг өнөөг хүртэл ашиглаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны
хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өдгөөгөөс 3 зууны тэртээ байгуулсан “Бошигтын
бух” хэмээх усалгааны суваг одоо ч газар тариалан эрхлэхэд ашиглагдсаар байна.
Зүүнгарын хаан Галдан бошигт 1680-аад оны үед Кашгар, Бухар, Самарканд руу аян дайн хийж, төв болон дундад Азийн олон хот, тосгыг эзэлсэн бөгөөд тэндээс ойролцоогоор 1000 иргэнийг олзлон авчирч, газар тариалан эрхлүүлжээ. Тухайн үед Галдан хааны санаачилгаар байгуулсан усалгааны суваг өнөөдрийг хүртэл ашиглаж байна.
Хархираа голоос эх авч, Тариалан сумын дэргэдүүр урсдаг энэхүү усалгааны суваг нь 100 гаруй километр үргэлжилж, Улаангом орчмын тариалангийн талбайд үр өгөөж өгч, тариаланчдад арвин их ургац хураах боломжийг олгодог.
Галдан хаан Манжтай хийх аян дайндаа бэлдэж, цэргийн хоол хүнс бэлтгэх зорилгоор хүний гараар бүтээсэн энэхүү усалгааны сувгийг нутгийнхан “Бошигтын бух” хэмээн нэрлэдэг.
Энэ л усалгааны сувгийн ачаар Увс аймгийн газар тариалан эрхлэгчид гантай жил ч ургацаа алдалгүй явж иржээ.
