УВС: Аймгийн аварга саальчин Д.Бат-Оюун сарлаг дагнан өсгөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны
хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “Аймгийн аварга саальчин”-аар шалгарсан Бөхмөрөн
сумын Хар алтат багийн малчин Дэлгээгийн Бат-Оюун энэ сарын 9-нд шагналаа гардан
авлаа.
Тэрбээр хань Уртнасангийн Болдбаатарын хамтаар малаа төрөлжүүлэн сарлагийг дагнан өсгөж, жилийн дөрвөн улиралд өндөр уулаар нутагладаг. Сарлагаас авах ашиг шимээ нэмэгдүүлж, сум орон нутгийнхаа төдийгүй уул уурхайн компаниудад сүү, цагаан идээ нийлүүлэн өөрсдөдөө ажлын байр бий болгожээ.

Мөн тэрбээр сум, аймгийн хэмжээнд зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож, сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээгээр нутгийн брэндээ хөгжүүлэн, залуу малчдад үлгэр дуурайлал болж байна.
Аймгийн аварга саальчных 60 гаруй сарлагтай бөгөөд өдөрт 60-70 литр сүү саан авдаг. Нэг литр сүүг зун 4000, өвөл 6000 төгрөгөөр борлуулдаг. Захиалгаар түгээдэг тул борлуулахад огт бэрхшээлгүй. Харин хүн хүчний хувьд дутагдалтай бөгөөд мал аж ахуй хүнд хүчир тул залуус хот руу явж, туслах малчин олоход хүндрэлтэй гэдгийг тэрбээр учирлав.
“Аймгийн аварга саальчин”-аар шалгарсан Д.Бат-Оюуны
шагналыг аймгийн Засаг даргын зөвлөх С.Анхбаяраар ахлуулсан аймаг, сумын
удирдлагууд гардуулан өгч, цаашид амжилтаа ахиулан Улсын аварга болох ерөөл
өргөлөө.
