Б.Энхбаяр: Суран эдлэл эдэлгээ сайтай, бат бөх учраас тэр бүр солиод байдаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-02-10 12:50:27

Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, 12 дугаар ангийн сурагч Буянжаргалын Энхбаяр суран эдлэл хийж, "Цагаан сар-2026" үзэсгэлэн худалдаанд бүтээлээ борлуулж байна. Түүнтэй үйлдвэрлэлийнх нь талаар цөөн хором хөөрөлдлөө.


-Үзэсгэлэн худалдаанд хэд дэх жилдээ оролцож байна?

-Анх удаа. Хүмүүс их сонирхон асууж байна. Хоббигоо бизнес болгохоор "Цагаан сар- 2026" үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа.


-Энэ төрлийн бүтээлээ хэрэг хугацаанд хийдэг вэ?

-Суран эдлэл хийгээд хоёр дахь жилдээ болж байна. Анх суран эдлэл авахаар судлахад үнэтэй байсан бөгөөд хүссэнээ авах боломжгүй байсан тул өөрөө хэрэглээндээ хийхээр шийдсэн. Туршлагатай хүмүүсээс сурч, оролдсоор байгаад сурсан. 


-Гэр бүлд нь энэ төрлийн эдлэл хийдэг хүн бий юу?

-Манайд энэ төрлийн эдлэл хийдэг хүн байхгүй. Харин миний нэг үеэл надтай хамт хийдэг. Бид хоёр анх алд алд сур олж байгаад л нийлж сүлжээд, буцааж задлаад, нэгэндээ туслан оролдсоор байгаад сурсан. Ашиг орлого олдог ч бай, олдоггүй ч бай үндэснийхээ өв уламжлалд суралцаж, дэлгэрүүлэх нь сайхан санагдаад улам илүү хичээж байгаа.


-Борлуулалт хэр байдаг вэ?

-Суран эдлэлийг талх шиг байнга зарах боломжгүй. Тодорхой үеүдэд эсвэл захиалга авч байж борлуулалт гардаг. Суран эдлэл өөрөө эдэлгээ сайтай, маш бат бөх учраас тэр бүр солигдоод байдаггүй. Ашиг орлого олох зорилгоор гэхээсээ илүү өөрөө эдлэл хэрэглэлээ хийчихдэг болсон, хэрэглээнээс илүү гарснаа өөр нэг хэрэгтэй хүнд нь боломжийн үнээр нийлүүлээд явж байгаа.


-Эдэлгээнд нь баталгаа өгдөг үү?

-Миний хувьд хамгийн чанартай, сайн сурыг олж бүтээгдэхүүнээ хийдэг учраас чанар бол сайн. Багадаа 3 жилийн эдэлгээ даана гэж баталгаа өгч чадна.


-Үйлдвэрлэлээ өргөжүүлэх, илүү хүртээмжтэй болгох тал дээр зээл тусламж хөөцөлдөж үзсэн үү?

-Одоо бол зөвхөн хобби, өөрийн болон гэр бүлийнхнийхээ дэмжлэгээр хийж байна. Тодорхой дэмжлэг ирдэг бол сайхан л даа. Хэнд хаана хандвал хэрхэн дэмжлэг авч болохыг судалж мэдсэн зүйл байхгүй ээ.


-Энэ чиглэлийн урлалыг нь сонирхож, суралцах хүмүүс ханддаг уу?

-Ханддаг шүү. Би цааргалалгүй зааж өгдөг. 


-Бүтээгдэхүүний үнэ хэр байдаг вэ, хамгийн үнэтэй бүтээл нь?

-Хамгийн үнэтэй нь 450 мянган төгрөгийнх бөгөөд миний өмссөн энэ дурангийн гэр юм. Хөдөөнийнхөн дуранг өдөр тутамдаа ашигладаг, энэхүү байнгын хэрэглээгээ бат найдвартай хадгалж, гартаа ойрхон байлгахыг чухалчилдаг. Тиймээс энэхүү дурангийн гэрийг гараа гаргаж хийж байна. Бүс нь 120-350 мянга, тэлээ 60-70 мянга, харин хазаар хамгийн үнэтэй нь 350 мянга бөгөөд 100 орчим мянган төгрөгийн үнэтэй ч бий.

-Ярилцсанд баярлалаа. 


Холбоотой мэдээ