Анагаахын их, дээд сургуулиуд сургалтын бааз эмнэлэгтэй болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “Монгол Улсад Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын симпозиум өнөөдөр боллоо.
ЭМЯ-ны мэдээлснээр, боловсролын ерөнхий хууль болон дээд боловсролын тухай хуульд анагаах ухааны боловсрол олгодог их дээд сургуулиуд дэргэдээ их сургуулийн эмнэлэгтэй байх заалтыг тусгасан. Уг хуулийг хэрэгжүүлэх хүрээнд төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтыг эмнэлэгт суурилсан онол, практик хосолсон, багшийн хяналт удирдлага дор явуулах “Их сургуулийн эмнэлэг”-ийн тогтолцоог хөгжүүлэх юм.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, "Эмч нараа бэлтгэхдээ өвчтөн дээр очиж туршилт хийж, дадлагажиж сурдаг биш харин сургалтын бааз эмнэлгээр дамжиж, багш нарынхаа хяналт дор илүү оновчтой эмчилгээ үйлчилгээг сурч гардаг тогтолцоонд шилжинэ. Ингэснээр Монгол Улсад эмч бэлтгэх тогтолцоо онол давамгайлсан бус чадварт суурилсан, хариуцлагатай, олон улсын жишигт нийцсэн шинэ шатлалд гарна гэдгийг онцлон тэмдэглэв.
Анагаахын чиглэлийн сургалт эрхэлж буй бүх сургууль сургалтын бааз эмнэлэгтэй байх, баталсан хууль эрх зүйг хэрэгжүүлэх хүрээнд 2026 оны шинэ хичээлийн жил эхлэхэд уг үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх, бааз эмнэлэггүй сургуулиудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгөхгүй байх чиглэлд Боловсролын яам, салбарын сайд анхаарч, хамтран ажиллахыг хүслээ.
Боловсролын сайд П.Наранбаяр тус симпозиумд оролцох үеэр, резидэнт эмч нарын төгсөлтийн дараах сургалтын нэгдсэн тогтолцоог бэлдэх, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Цаашид эмч бэлддэг их сургууль өөрийн харьяа эмнэлэгтэй байж онол практик хослуулсан, чадварлаг эмч нарыг төгсгөн гаргах тогтолцоо руу орох ёстой гэсэн Эрүүл мэндийн яамны бодлоготой бүрэн санал нэгдэж байгаа"-г хэлэв.
Энэ удаагийн
симпозиумд Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн
газрын дарга Мияги Кэнсүкэ, Токушима их сургуулиас төслийн багийн зөвлөх
профессориуд, Монгол Улсын Боловсролын сайд, УИХ-ын гишүүд, төрийн болон хувийн
хэвшлийн анагаахын их дээд сургуулиуд, сургалтын үйл ажиллагаа явуулдаг
эмнэлгийн удирдлагууд, эрдэмтэн багш нар оролцож МУИС-ийн эмнэлгийн тогтолцоог дэлхийн жишигт хүргэх асуудлыг шийдвэрлэхэд
чухал ач холбогдолтойг хуралд оролцогчид онцоллоо.