ХӨВСГӨЛ: Улсын аварга тариаланч Г.Адъяасүрэн хоёрдугаар сард тариалалтаа эхлүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-02-11 17:23:04

Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тариаланч Г.Адъяасүрэн 20 гаруй жил тасралтгүй газар тариалангийн салбарт ажиллаж, салбартаа манлайлсан амжилтаараа морь жилийн босгон дээр Улсын аварга тариаланчаар шалгарч, шагналаа гардан авлаа.


Г.Адъяасүрэн нь 2004 оноос Мөрөн сумын нутагт 20 сот газарт төмс, байцаа, лууван, манжин тарьж мөн хашаандаа хүлэмж барин өргөст хэмх, улаан лооль тариалан, гахай, тахиа тэжээж, 0,4 га газарт 500 чацарганын мод тарьж ажлын гараагаа эхлүүлжээ.


Тэрээр жил бүрийн хоёрдугаар сарын сүүлчээр тариалалтын ажлаа эхлүүлж, өвлийн хүлэмжид үрсэлгээ суулгасны дараа дөрөвдүгээр сарын сүүлчээр ногоогоо талбайд тарьж суулгадаг.


Дөрвөн сар гаргаад талбайн бэлтгэл ажил буюу хог чулуу түүх, өтөг бордоо хийх, газар хагалах ажлаа эхлүүлсний үр дүнд жил бүр ургац алдалгүй амжилттай ажиллаж чадсан тэргүүний туршлага нь бусад тариаланчдад үлгэр дуурайлал болдог байна.


Г.Адъяасүрэн  шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд 2022 онд 103,8 тонн, 2023 онд 114,7 тонн, 2024 онд 112,7 тонн ногоо хураан авсан байна.

 



Холбоотой мэдээ