Г.Батжаргал: Малаа онд оруулж, нялх төлийн дуу цангинах нь малчны жаргал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сант сумын
Залаа 4 дүгээр багийн малчин Г.Батжаргалын гэр бүл “Аймгийн аварга малчин”-аар
шалгарлаа.
Бага наснаасаа аав, ээжийгээ даган мал маллаж өссөн тэрээр 1999 онд С.Мөнхтуяатай гэр бүл болж, мал сүргээ өсгөж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн нутаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буй 26 жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд энэхүү шагналын эзэн болж байна.
Энэ жил тэд багийнхаа Завсар хэмээх газарт 15 дахь жилдээ өнтэй өвөлжиж байна. Тэрээр “Сант суманд цас ихтэй, малын идэш хомс байгаа. Адуу, үхрээ Хэнтий аймгийн Бор-Өндөр рүү ахынхаа малтай хамт отроор явуулж, бог малаа үлдээсэн. Одоогоор зарим бага малын тамир тэнхээ муудаж байна. Мал бэлчээрт гарах нь ховор, гарсан нь ам хөдөлгөх боломж багатай, нутгийн ихэнх хэсэг дагтаршсан хатуу цастай байгаа тул нөөцөлсөн өвс, тэжээлээрээ л малаа онд оруулж байна” хэмээн ярилаа.
Энэ жил тэд мянга гаруй тонн өвс, хоёр тонн хивэг худалдан авч нөөцөлжээ.

“Зүүн аймгуудаас хонь, ямааныхаа үүлдэг угсааг сайжруулсан. Ковидын цар тахлын үед Хэнтий, Говь-Сүмбэр аймагт отроор таарч, багагүй бэрхшээлтэй тулгарсан. Хол газар отроор явахад 27-28 хоног зарцуулдаг. Нойр, хоолоо хасан оторлож явахад саад бэрхшээл тулгардаг ч бүгдийг даван туулаад ирдэг” хэмээн шинэ аварга хуучлав.
Зах зээлээс хол байдгаас сүү, сааль арвин авсан ч борлуулдаггүй бөгөөд ах дүү, зочдодоо өгч, өөрсдийн хэрэглээгээ хангадаг байна. Тэднийх таван хүүхэдтэй бөгөөд бага хүүгээ өв залгамжлах малчин болгохыг зорьж байгаа ажээ.

Улаанбаатар