УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ОХУ-ын Зэвсэгт хүчний төв сүм бүхий “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэнд босгосон монгол эрсийн хөшөөнд энэ сарын 11-нд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.
Москва хотын
Одинцово дүүргийн Минскийн хурдны замын 55 км-т 5500 га талбайд цогцолсон
цэцэрлэгт хүрээлэнгийн энэ хэсэгт Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлт Холбоот
Улсын холбоотон байсан ард түмнүүдийн хүндэтгэлийн уран барималт цогцолборыг
бүтээсэн байна. Ингэхдээ тухайн ард түмний бодит хүмүүс, түүхэн үйл явдалд
тулгуурлан урлажээ.
“Монгол цэргүүд”
хэмээх хөшөөнд Ховд аймгийн Манхан сумын малчин, Монгол Улсын
Хөдөлмөрийн баатар, гурван удаагийн Сүхбаатарын одонт Лувсангийн 18 настай байх
үеийн цэл залуу дүр төрхийг мөнхөлжээ. Тэрбээр 1942 онд 1200 гаруй тэмээ бүхий
жингийн цувааг ахлан, фронтод хүргэх бэлгийн ачааг Манхан сумаас Алтайн
хязгаарын Бийск хотноо хүргэсэн байна. Олон хоног, сар хүнд хэцүү замыг туулан
асар урт тэмээн жингийн цувааг хөтөлж, монголчуудын чин сэтгэлийн тусламжийг Оросын ард түмэнд авчирсан энэ
гайхалтай намтар түүхтэй хүн хэмээн УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж
танилцуулаад, монгол хүний бодит
дүрээр бүтээгдсэн хөшөө ОХУ-д цор ганц гэдгийг онцлов.
Хөшөөнд цэцэг
өргөхөд Лувсан баатрын ач хүү Х.Дэлгэр оролцов. Тэрбээр монголчуудын бэлгийг
Зөвлөлтийн ард түмэнд хүргэж, бага залуугийн дүр төрхөөрөө Москва хотноо
мөнхрөн үлдсэн өвөөгөөрөө бахархаж байна гээд, өөрсдийн идэх хоол, өмсөх
зүүхээс хагаслан байж дулаан хувцас, хоол хүнс цуглуулан цуваа
цуваагаар бэлэглэж байсан Монголын ард түмний тус дэмийг Оросын ард түмэн
өнөөдрийг хүртэл талархан хүндэтгэсээр байгаад баяртай байна гэлээ.
Хөшөөг уран барималч А.Д.Чебаненко бүтээж, 2022 онд цэцэрлэгт хүрээлэнд байрлуулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
