ХӨВСГӨЛ: Улсын аварга Ж.Ширчинжав залуу гэр бүлүүдийг малжуулан дэмжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тавантолгой багийн малчин Жадамбын Ширчинжав Монгол Улсын аварга малчин болж шагналаа гардан авлаа.
Тэрээр мал аж ахуйн салбарт 33 жил ажиллаж байгаа бөгөөд 2025 онд 1009 толгой мал тоолуулж, малынхаа үүлдэр угсааг тогтмол сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлжээ.
Ж.Ширчинжав нь залуу малчдаа дэмжих, малгүй өрхийг малжуулахад онцгой анхаарч ирсэн байна.
Багийнхаа 18 залуу гэр бүлд тус бүрд нь 50 толгой мал таслан өгч залуу малчин гэр бүлийг дэмжсэн байна.
Мөн малын хөлийн татварт 2017-2025 оныг хүртэл нийт 1500 мянган төгрөг төлж, 4 өрхийг малжуулж амьдрал ахуйг нь дэмжжээ.
2012 онд мянгат малчин, 2017 онд сумын
сайн малчин, 2020 онд аймгийн аварга малчнаар тус тус
шагнуулсан байна.

