АРХАНГАЙ: Хадагтай Агата Обратаньска Архангай аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Польшийн ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч хадагтай Агата Обратаньска орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарын ажилтай танилцахаар Архангай, Өвөрхангай аймагт хоёрдугаар сарын 7-9-ний өдрүүдэд ажиллалаа.
Хадагтай Агата Обратаньска Архангай аймгийн Эрүүл мэндийн газар болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцсон байна.
Тэрээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Польшийн Краков хотын Ян Павелын нэрэмжит эмнэлэг болон Людвик Рыдыгерын нэрэмжит эмнэлэгт саяхан туршлага судлах дадлага хийгээд ирсэн эмч нартай уулзаж, санал солилцсон юм.
Архангай аймагт зүрх судасны өвчлөл зонхилж, зүрхний шигдээс, тархины харвалтаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудал түгээмэл тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны, унтуулгын болон мэс заслын нийт зургаан эмчийг Европдоо зүрх судасны мэс заслаар тэргүүлэх Ян Павелын эмнэлэгт дадлагажуулан сургаж байна.
Энэхүү сургалт, дадлагыг Краков хот дахь Монгол Улсын Өргөмжит ерөнхий консул Ц.Уртнасангийн санаачилгаар БНПУ-ын Малопольске муж болон Архангай аймаг хооронд өрнөж буй хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байна.
Монголын эрүүл мэндийн салбарыг дэмжих хамтын ажиллагааны хүрээнд өмнө нь “Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээр”-ийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр орон нутагт явуулын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон авто машин ханган нийлүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Уг төслөөр Польшийн “Столарчик” компанийн 33 түргэн тусламжийн машиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлсэн бөгөөд эдгээр нь одоо ч хөдөөгийн иргэдэд яаралтай тусламж үзүүлж байна.