ЗАВХАН: Ашигт малтмалын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-02-12 13:45:23

Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймагт Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан ажлын баг тус аймагт ажиллаж, иргэдтэй уулзан санал солилцлоо. Хэлэлцүүлэгт аймгийн төрийн захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтнууд, сумдын Засаг дарга нар, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, бичил уурхай эрхлэгчид болон иргэд оролцов.


Уулзалтын үеэр оролцогчид ашигт малтмалаас олох орлогын шударга хуваарилалт, түгээмэл тархацтай ашигт малтмалын нэгдсэн зохицуулалт, уул уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагын талаар байр сууриа илэрхийллээ. 


Мөн хууль бус олборлолтыг таслан зогсоох, уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, усны нөөцийг зохистой ашиглах асуудлыг хөндөн ярилцлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв иргэдийн асуултад хариулж, дэвшүүлсэн зарим саналыг хуулийн төсөлд тусгана гэдгийг онцолсон талаар Завхан аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн З.Ариунтуяа мэдээлэв.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба хамтран энэ сарын 11-ний өдрөөс эхлэн 21 аймагт Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.


Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ын хуваарилалтыг илүү оновчтой, шударга болгох, нөхөн сэргээлт болон хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, мөн төсөл хэрэгжүүлэгч компанийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний хэрэгжилтэд үндэслэн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх зохицуулалтыг тусгахаар төлөвлөжээ.


Түүнчлэн олборлосон түүхий эдийг дотооддоо боловсруулахыг дэмжих замаар салбарын тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр шинэчлэл хийхээр тусгасан байна.


Судалгаагаар, эрх зүйн орчныг шинэчлэхгүй хэвээр үргэлжилбэл 2050 он гэхэд уул уурхайн салбарт шинэ хөрөнгө оруулалт саарах эрсдэлтэй байгааг тогтоожээ. Тиймээс татварын орчныг тодорхой хэмжээнд шинэчилж, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэж үзэж байгаа ажээ.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оныг эдийн засгийг өргөжүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарласан.


Ашигт малтмалын салбар нь Монгол Улсын эдийн засгийн стратегийн чухал салбар бөгөөд улсын нийт орлогын 28 хувь, экспортын орлогын 94 хувь, аж үйлдвэрийн салбарын 74 хувийг бүрдүүлж байна. Иймд хууль эрх зүйн орчныг шинэчлэх нь салбарын тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын өсөлт, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан ажлын баг

Завхан аймагт ажиллаж байна

Холбоотой мэдээ