ДОРНОГОВЬ: Өв соёлын өргөө гэрээс

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2026-02-12 14:38:26

Сайншанд, 20206 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. “Их говийн тэмээ-2026” тэмээний баярын үеэр аймгийн Музей сургалт, судалгааны төвөөс олон нийтийн соёл, түүхийн боловсролд зориулан “Өв соёлын өргөө”-г дэлгэжээ. Энэхүү өв соёлын өргөөний эргэн тойрны үйл явдлыг фото зургаар буулгасныг хүргэж байна.


Энэхүү өргөөнд  Чингис хааны хангал эхт цагаан туг, говийн тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаа, түүний гурван шүтээн, БНМАУ-ын анхны тэмээчин Хөдөлмөрийн баатар Мандах сумын харьяат Н.Хүрээт, Хөдөлмөрийн баатар тэмээчин, Хатанбулаг сумын харьяат С.Чимиддорж, гавьяат малчид, аймаг сумын аварга тэмээчид, аварга саальчид, эмнэг сургагч, “Алтан ботго”-ны эзэд зэрэг тэмээгээ маллаж, ажил хөдөлмөрөөрөө манлайлсан говийн тэмээчдээ алдаршуулсан юм.


Үзэсгэлэнд Эрдэнэ, Мандах, Сайхандулаан, Сайншанд, Замын-Үүд, Хөвсгөл сумын тэмээчид, өвлөн уламжлагчдын 36 дэс, 120 бүтээл, эд зүйлийг дэлгэжээ. Хоёр өдрийн турш 283 хүүхэд, 966 насанд хүрэгч, гадаадын 10 жуулчин нийт 1259 хүн тайлбартайгаар үзэж сонирхсон байна.


Ташрамд, өнгөрсөн хугацаанд Дорноговь аймгийн тэмээчдийн дундаас Хөдөлмөрийн баатар хоёр, Монгол Улсын гавьяат малчин дөрөв, Монгол Улсын хошой аварга малчин хоёр, Монгол Улсын аварга малчин 19 төрөн гарчээ.