Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-02-12 14:23:19

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Словенийн Любляна хотод жүдо бөхийн олон улсын нээлттэй тэмцээн энэ сарын 14-нд эхэлнэ.


Уг тэмцээнд 44 орны 500 гаруй жүдоч барилдахаас манай улсаас Хөдөлмөрийн баатар, МУГТ, “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн дасгалжуулагч Х.Цагаанбаатарын удирдлагад эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Н.Мэндсайхан, Э.Бат-Энэрэл, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Уранзаяа, -78 кг-д О.Хүслэн нар барилдахаар мэдүүлэг өгчээ.


Энэхүү тэмцээний хамгийн олон тамирчин барилдаж буй жин нь эрэгтэйчүүдээс 73, эмэгтэйчүүдээс 57 кг аж. 73 кг-ын жинд 60, 57 кг-д 45 бөх барилдах юм байна. Тэгвэл манай дөрвөн бөхийн барилдах 60 кг-д 32, 52 кг-д 29, -78 кг-д 27 жүдоч зодоглоно. Х.Цагаанбаатарын удирдлагад яваа жүдочид Францын Парис хотод хамтарсан бэлтгэлд оролцож байгаад Словенид өнөөдөр иржээ.


Холбоотой мэдээ