ЗАВХАН: Уран дархан Н.Таржидын урласан ховор эмээл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-02-12 15:18:42

Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейн Угсаатны зүйн танхимд хадгалагдаж буй үнэт үзмэрүүдийн нэг нь уран дархан Н.Таржидын урласан, ногоон нанж, гахай ширэн гөлөм, ясан хяртай эмээл юм.


Тус эмээлийг Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, нэрт дархан Н.Таржид бүтээсэн бөгөөд тэрбээр Хуягтын хүрээ, Тариатын хүрээ орчимд ур хийц, дархны уран чадвараараа нэрд гарч байжээ.


Энэхүү бүтээл нь ногоон нанж, гахай ширэн гөлөм, ясан хяр, найман мөнгөн даруулгатайгаас гадна гөлмөн дээрээ найман угалз хээтэйгээрээ онцлогтой. Мөн хоёр олонцог нь найман угалз бүхий хийцтэй бөгөөд дөрөөний сурны хамгаалалтыг савхиар хийж, ногоон сарьсаар эмжсэн зэргээр нарийн ажиллагаа, уламжлалт хийцийн шийдлийг шингээсэн байна.


Сур, шир, мод, зэс, мөнгө зэрэг материалыг хослуулан гар аргаар урласан уг эмээл нь дархан Н.Таржидын өөрийн хэрэглэж байсан эдлэл бөгөөд 1973 онд цуглуулгын журмаар музейн сан хөмрөгт бүртгэгджээ.


Монголчуудын нүүдлийн ахуй, мал аж ахуйн соёлын салшгүй хэсэг болсон эмээлийн эд анги бүрийн хийц, бэлгэдэл, зориулалтын талаарх мэдээллийг хүүхэд, залуучууд түлхүү сонирхон асууж, тайлбарлуулдаг талаар Завхан аймгийн музейгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ