СҮХБААТАР: Дэлгэрхаан багаас гурав дахь “Улсын аварга малчин өрх” тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Түвшинширээ сумын Дэлгэрхаан багийн малчин Ё.Цэрэндорж, Г.Наранмандах нар Монгол Улсын аварга малчнаар шалгарлаа.
Ё.Цэрэндорж 50 гаруй жил мал маллаж байна. Хүүхэд наснаасаа мал дагаж өссөн тэрбээр нутгаасаа бараг гарахгүй, зөвхөн хэдэн жилд нэг удаа хөрш зэргэлдээ сум руу отор нүүдэл хийдэг. Монгол хүн бүр малын дөртэй, мал дээр өссөн бол багаасаа мал маллах арга ухаанд суралцдаг. Би тэдний нэг. Их нарийн арга, туршлага гэх зүйл байдаггүй ч хамгийн гол нь малчин хүн байгальтайгаа ойр харьцаж, тэнгэрийг шинжиж, цаг уурын төлөв байдлыг ажиглан дүгнэлт хийх чадвартай байх нь хамгийн чухал. Үүнийг л би хүүхдүүд, залуу малчдад захидаг даа хэмээн тэрбээр хуучилсан юм.
Ё.Цэрэндорж, Г.Наранмандах
ханилаад 42 жил болжээ. Есөн хүүхэд төрүүлж өсгөн малчин, төрийн албан хаагч гээд салбар бүрд хүүхдүүдээ бэлтгэсэн байна. Эднийх
2025 оны жилийн эцсийн
тооллогоор 1100 гаруй мал тоолуулж, мал сүргээ таван төрөл дээр өсгөжээ.
Харин Түвшинширээ сумын нийт мал сүрэг 30 мянган толгойгоор нэмэгдэж, тэмээн сүргийнхээ тоогоор аймагтаа тэргүүлсэн байна. Малчин өрхийн тоо ч нэмэгджээ.
Тухайлбал, Дэлгэрхаан баг 150 өрхтэйгөөс 127 нь малчин өрх байна. Малын тоо толгой зургаан мянгаар нэмэгдэж, мөн таван төрөл дээрээ өсжээ. 2023 оны их зуднаас хойш мянгат гурван малчин мянгат малчин гэх алдраа
бататгажээ. Энэ нь байгаль цуг уурын нөхцөл байдлаас гадна малчид хувийн бэлтгэлээ сайтар
хангадаг болсонтой холбоотой гэдгийг багийн засаг дарга Р.Ариунбаатар онцолж
байв.
Аварга малчид шагналаа малынхаа хотонд УИХ-ын гишүүн, аймаг, сумын удирдлагуудаас гардан авсан юм.
Малчин хүн "мянган мэргэжлийн эзэн" гэдэг үгийн нэгэн бодит жишээ бол Ч.Цэрэндорж гуай.
Монгол Улсын гурван сая гаруй хүний идэж уух, өмсөж зүүхийн талаас илүү хувийг бэлтгэдэг хүмүүс бол малчид гэж хэлж болно. Тиймээс
цаашид монголын төр малчид руугаа чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх нь нэн зүйтэй. Үүний төлөө ч тууштай дуугарч, ажиллана гэдгээ шагнал гардуулах
үеэр УИХ-ын
гишүүн У.Отгонбаяр хэллээ.
2020 оноос хойш Түвшинширээ сумаас зургаа дахь улсын аварга малчин тодорч буй нь энэ бөгөөд тэдний гурав нь Дэлгэрхаан багийн малчин байна.


