ХӨВСГӨЛ: Улсын аварга малчин Ч.Мөнхбат малын чанарт анхааран ажилладаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын малчин Чимэддоржийн Мөнхбат Улсын аварга малчнаар шалгарлаа.
Тэрээр өрх тусгаарлан гарснаасаа хойш 29 жил тасралтгүй мал маллаж, багийн шилдэг малчин, мянгат малчин, сумын аварга малчин, аймгийн аварга малчнаар шалгарч байсан нутаг усандаа нэртэй малч удмын хүн юм.
Бэлчээрийн даац, байгаль цаг уурын нөхцөл байдал малчдаас цөөн, чанартай малтай байхыг шаардаж эхэлсэн. Улсын аварга малчин Ч.Мөнхбатын хувьд энэ нөхөцлийг эрт ойлгож мал сүргээ тогтмол чанаржуулж, нэг малаас авах ашиг шимийг нь тасралтгүй нэмэгдүүлж иржээ.
Тухайлбал адуун сүргээ гал шарын хурдан удам, үхрээ махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрээр, хонио мах, өөхний чиглэлийн ямаагаа Эрчмийн хар үүлдрээр сайжруулжээ.
Зөвхөн өөрийн сүргээ чанаржуулахаас гадна нутаг усныхандаа ч шилмэл үүлдрийн мал сүргээсээ өгч, малын чанарт анхааран ажилладаг.
Малчид бизнесийн үйл ажиллагаа эрхлэн орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ малаа түрээсээр маллуулах зэрэг боломжтойг тэрээр хэлж байна.
Ч.Мөнхбат жил бүр туслах малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 4 хүнийг ажлын байраар хангаж, цалин хөлс олгохоос гадна малжуулах бодлогыг дэмжиж жил бүр 50-90 хургыг урамшуулал болгон өгдөг.
Аварга малчных өнөөдөр 2 хүнийг байнгын ажлын байртай болгож, улирлын чанартай ажлын байраар 5-7 хангаж байна.
Түүний мал маллах ухаан, өвлийн бэлтгэлээ базаах туршлага зэрэг нь нутгийн залуу малчдад үлгэр дуурайл болж байна.
Ч.Мөнхбатынх жилд 15-30 тонн өвс, 3.0-5.0 тонн гар тэжээл, 1.0 тонн хужир шүү бэлтгэж, хөдөлмөр зүтгэлээрээ нутагтаа үнэлэгдэж яваа шилдэг малчдын нэг юм.



