ГОВЬ-АЛТАЙ: Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хариуцлага гүйцэтгэлийг сайжруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат сумдын Засаг дарга нартай 2026 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээ нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлого, зорилтыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хариуцлага, гүйцэтгэлийг сайжруулахад чиглэж байгааг онцоллоо.
Гэрээнд сумдын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, төсөв санхүүгийн сахилга батыг хангах, хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай хүргэх зэрэг зорилт, шалгуур үзүүлэлтүүдийг тусгажээ.
Аймаг, сумдын удирдлагын нэгдсэн бодлого, уялдаа холбоог бэхжүүлснээр 2026 оны зорилтыг амжилттай хэрэгжүүлж, бүс нутгийн хөгжлийг шинэ шатанд гаргах үндэс бүрдэнэ гэдгийг тус аймгийн Засаг дарга Г.Чинбат мөн үеэр хэлэв.
Говь-Алтай аймаг 18 сум, хоёр тосгонтой ба өнөө жил “Баялаг бүтээгчдийг дэмжих” жил болгон зарлаж, өрхийн үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжин хамтран ажиллахаар бодлогын баримт бичигт тусгажээ.