Герман ба Төв Азийн орнууд стратегийн түншлэлээ өргөжүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2026-02-13 12:23:08

БЕРЛИН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Anadolu/. Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер “Төв Ази-Герман” (C5+1) хэлбэрээр сайд нарын түвшинд хийсэн уулзалтын хүрээнд Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарыг пүрэв гарагт хүлээн авч уулзжээ.


Төв Ази нь тогтвортой бүс нутгийн хувиар, мөн үр өгөөжтэй яриа хэлэлцээ хийх болон олон улсын өмнө хүлээх үүрэг хариуцлага нь өсөн нэмэгдэж буй бүс нутаг болохын хувьд онцгой ач холбогдолтой гэдгийг уулзалтын үеэр онцоллоо гэж Казахстаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна. 


Ерөнхийлөгч Штайнмайер хэлэхдээ, Герман улсын хувьд Төв Азийн орнуудтай хийж буй харилцаа, хамтын ажиллагааг харилцан хүндэтгэл, итгэлцэл, мөн урт хугацааны хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан хөгжүүлэхэд онцгой анхаардаг хэмээн онцолсон байна.


Харин Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нар C5+1 форматыг Герман болон бүс нутгийн улс орнуудын хооронд системтэйгээр яриа хэлэлцээ хийх  улс төрийн чухал тавцан болохын хувиар өндрөөр үнэлээд, Төв Азийн орнуудын нийтлэг ашиг сонирхол, тэргүүлэх чиглэлүүдийг харгалзан бүс нутгийн асуудлуудыг цогцоор нь хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлдэг гэдгийг онцолжээ.


Уулзалтын үеэр талууд эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, байгалийн баялаг, аж үйлдвэр, технологи, тээвэр, ложистикийн дэд бүтцийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах, мөн хүмүүс хоорондын харилцаа холбоо, боловсрол, шинжлэх ухааны солилцоог өргөжүүлэх зэрэг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн хэтийн төлөвийг хэлэлцжээ. Мөн бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдал, Европ, Азийг холбох чухал холбоос болж буй Төв Азийн үүрэгт онцгой анхаарал хандуулснаас гадна, геополитикийн байдал тодорхойгүй байгаа энэ үед яриа хэлэлцээ, олон талын хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.


Уулзалтын төгсгөлд талууд Герман-Төв Азийн орнуудын түншлэлийг цаашид бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, C5+1 форматаар өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмол үргэлжлүүлэхээр тохиролцжээ. “Төв Ази-Герман”-ы Гадаад хэргийн сайд нарын түвшний анхны уулзалт Берлин хотод лхагва гарагт болсон байна. 


Уулзалтад Казахстаны Гадаад хэргийн сайд Ермек Кошербаев, Киргизийн Гадаад хэргийн сайд Жеенбек Кулубаев, Тажикистаны Гадаад хэргийн сайд Сирожиддин Мухриддин, Узбекистаны Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов, Туркменистаны Гадаад хэргийн сайд Ахмет Гурбанов нар оролцлоо. Туркменистаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны мэдээлснээр, Төв Азийн орнууд бол Германы хувьд эрчим хүчний салбар дахь, мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэл дэх чухал түншүүд гэдгийг уулзалтад оролцогчид онцолсон байна.


Уулзалтын төгсгөлд талууд Берлиний тунхагийг баталж, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Төв Ази-Герман” форматыг хөгжүүлэхээр тохиролцлоо.


Мөн Берлин хотноо Төв Азийн орнуудын болон Германы Гадаад хэргийн сайд нар оролцсон эдийн засгийн чуулга уулзалт болжээ. 

Холбоотой мэдээ