ХӨВСГӨЛ: Улсын аварга фермер Д.Дамдинсүрэн "Алатау" үүлдрийн цөм сүрэг бий болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-02-13 11:33:33

Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн иргэн, хувийн аж ахуй эрхлэгч Дэчинсүрэнгийн Дамдинсүрэн Монгол Улсын аварга фермер боллоо.


Д.Дамдинсүрэн 2009 оноос эхлэн фермер, газар тариалангийн чиглэлээр ажиллаж, 2-3 хүнийг тогтмол ажлын байраар, 7-8 хүнийг түр ажлын байраар хангаж иржээ.


Тэрээр 2,2 га газарт тэжээлийн ургамал, эрдэнэ шиш тариалж, сүүний чиглэлийн "Алатау" үүлдрийн  үхэр сүргийг үржүүлж аймагтаа цөм сүрэг бий болгосон байна.


Мөн төрөл бүрийн жимс жимсгэнэ тариалж, сум орон нутгийн иргэд, аж ахуй нэгжийг хангаж иржээ.


Тэрээр 2009 онд Мөрөн сумын аварга фермер, 2012 онд аймгийн аварга фермерээр тус тус шалгарсан.


Мал нэг бүр нь хувийн дугаартай, ашиг шим өндөртэй, фермийн орчны ариун цэвэр, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтэд бүрэн хамрагдаж, 6 аж ахуйн нэгжид эко сүү сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг.


Д.Дамдинсүрэн олон жил фермерийн аж ахуйг амжилттай эрхэлж, хөдөө аж ахуйн салбарыг эрсдэлгүй, ашиг орлоготой эрхлэх сайн загвар бий болгосон амжилтаараа Монгол Улсын аварга фермер хэмээх хүндтэй цол хүртлээ.








Холбоотой мэдээ