Трамп: Нетаньяхуд өршөөл үзүүлэх ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.enkh-od@montsame.gov.mn
2026-02-13 15:05:38

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн холбогдоод буй авлигын хэрэгт өршөөл үзүүлэхгүй байгаатай холбоотойгоор Израилын Ерөнхийлөгч Исаак Херцогт хандан хатуу байр суурь илэрхийлжээ. 


Тэрбээр өчигдөр хийсэн мэдэгдэлдээ Израилын Ерөнхийлөгч өршөөл үзүүлэхээс татгалзаж буйг шүүмжилж, “Өөрөөсөө ичих хэрэгтэй, өршөөл үзүүлэх ёстой” хэмээн хэлсэн байна.


Ерөнхийлөгч Д.Трамп Б.Нетаньяхуг “дайны үеийн агуу Ерөнхий сайд” хэмээн тодорхойлоод, Израилын ард түмэн Ерөнхийлөгч И.Херцогт шахалт үзүүлж, өршөөл үзүүлэх шийдвэр гаргуулах ёстой гэж мэдэгджээ. 


Б.Нетаньяху Ираны цөмийн хөтөлбөр, баллистик пуужингийн асуудлыг хэлэлцэхээр лхагва гарагт Вашингтонд Д.Трамптай уулзсан байна. Д.Трамп ерөнхийлөгчийн албан тушаалд дахин сонгогдсоноос хойш хоёр удирдагч долоо дахь удаагаа уулзлаа. 


Б.Нетаньяху нь Израилын түүхэнд албан үүргээ гүйцэтгэж байхдаа эрүүгийн хэрэгт холбогдсон анхны Ерөнхий сайд болжээ. Тэрбээр өөрт нь 2019 онд үүсгэсэн авлига, залилан, итгэлцлийг урвуулан ашигласан гэх хэргүүдийг үгүйсгэсээр иржээ.


Д.Трамп өнгөрсөн онд И.Херцогт хандан түүнд өршөөл үзүүлэхийг хэд хэдэн удаа уриалж, өршөөл үзүүлэхээр болсон гэж мэдэгдэж байсан боловч Израилын ерөнхийлөгчийн Тамгын газар тухайн үед үүнийг няцааж байв. Израилын хуулиар Ерөнхийлөгч  өршөөл үзүүлэх эрхтэй хэдий ч шүүх хурал бүрэн дуусаагүй, хэрэг хянан шийдвэрлэх шатандаа байгаа үед өршөөл үзүүлж байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй аж.


Б.Нетаньяхугийн өршөөл хүссэн хүсэлтийг Хууль зүйн яаманд хянаж байгаа бөгөөд хуулийн дүгнэлт гарсны дараа Ерөнхийлөгч эцсийн шийдвэрээ гаргана гэж Израилын ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдээд, Израил бол хууль засагладаг тусгаар улс бөгөөд Ерөнхийлөгч энэ асуудлаар одоогоор ямар нэг шийдвэр гаргаагүй байна гэж онцолжээ.

Холбоотой мэдээ