ДАРХАН-УУЛ: Ерөнхий сайд Г.Занданшатар улсын аварга фермерийн шагналыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-02-13 13:45:20

Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дархан-Уул аймагт ажиллаж байна. Энэ үеэр улиран өнгөрж буй модон могой жилийн улсын аварга фермерээр шалгарсан "Дархан Халдун" ХХК-ийн "Сайхан" фермийн шагналыг гардууллаа.


Сүүний үхрийн фермийн үүсгэн байгуулагч, захирал Балданы Батмөнх нь 2021 онд фермийн үйл ажиллагаагаа эхлүүлж, мах, сүүний хосолмол ашиг шимт симменталь үүлдрийн үхрийг сонгон өсгөж байна.  


Дархан хотын иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахын зэрэгцээ 10 иргэнийг байнгын, жилд 20-30 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллаж байна.




Тус ферм нь 2023 онд 60, 2024 онд 288, 2025 онд 291 толгой үхэр тоолуулж өсвөр үхрийн кластер фермийг хослуулан хөгжүүлэх зорилт тавьж, цаашид өсвөр үхэр болон мах бэлтгэлийн ферм болгон хөгжүүлэх үндсэн зорилгыг дэвшүүлжээ.


Нэг үнээнээс 2023 онд 10-16 литр сүү сааж 18 тонн, 2024 онд ашиг шимийг нь нэмэгдүүлэн саалийн дундаж хэмжээг 17 литр болгон өсгөж 150 тонн, 2025 онд 236 тонн сүүг тус тус үйлдвэрт нийлүүлсэн байна.




Компанийнхаа 880 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар фермийнхээ үхрийн 250 м.кв талбай бүхий өвлийн байрыг өргөтгөн 1875 м.кв талбайтай болгож, дулаан хангамжийг нарны эрчим хүчний эх үүсвэрээр шийдэж, өвлийн цаг уурын нөхцөлд тааруулан байран маллагаанд нийцүүлэн жил бүр шинэчлэл хийж байна.


Мөн малын ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд үржил селекцийн ажилд голлон анхаарч 2025 онд үр хөврөл угааж, шилжүүлэн суулгах ажлыг амжилттай гүйцэтгэснээс гадна фермерийн үрийн санг үүсгэж, нийт 30 сая төгрөгийн өртөг бүхий 200 тун үр захиалан авч үрийн санг бүрдүүлжээ.

 


Нийгмийн хариуцлагын хүрээнд "Сайхан" ферм нь өөрийн гурван ажилтанд 83 толгой сайн үүлдрийн мал өгч малжуулж, Дархан сумын Энэрэл цогцолбор сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд гарын бэлэг, өөрийн багийн 108 иргэнд уламжлалт цагаан сарын баяраар тавгийн идээ, ааруул, шинэ жилийн баярыг тохиолдуулан хүнсний бүтээгдэхүүн бэлэглэдэг уламжлалтай ба эрчимжсэн аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийт 52 тонн даршийг тус тус хандивлажээ.

 

Холбоотой мэдээ