ЗАВХАН: "Аргаль хамгаалагч малчин" улсын аварга малчин болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай,
2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Шилүүстэй сумаас 18
жилийн дараа “Улсын аварга малчин” төрж, шагналаа гардан авлаа. Тус цолны
эзнээр аргаль хамгаалагч, малчин Гомбын Туяа тодорчээ.
Шагналыг УИХ-ын гишүүн Б.Түвшин, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ИТХ-ын төлөөлөгч Ц.Улам-Оргих, Б.Төрмөнх нар Шилүүстэй сумын Хөгжил багийн Ханан хэцийн өвөлжөөнд нь гардуулан өгсөн байна.
Г.Туяа,
түүний гэргий Ч.Уртнасан нар 44 жилийн турш мал маллаж, сумын болон аймгийн
аварга малчин, аймгийн алдарт уяач, “Алтан төлийн эзэн” зэрэг цол, шагнал
хүртэж байжээ. Мөн байгаль орчин, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэр, худалдаа
үйлчилгээний салбарын тэргүүний ажилтнаар шалгарч байсан хөдөлмөрч малчид юм.
Нутагтаа “Аргалийн Туяа” хэмээн алдаршсан тэдний гэр бүл Цахирын уулс, Мандалт хайрхан орчмын нутагт бэлчдэг аргаль хонины сүргийг олон жил хамгаалж иржээ.
2000 оны
зудын дараа тухайн бүсэд аргаль 10 гаруйхан үлдсэн байсныг нутгийнхан дурсдаг.
Түүнээс хойш Г.Туяа өвөл, хаврын хүнд үед өвс, тэжээл, хужир шүү тавьж, тогтмол
эргэж тойрон хамгаалсны үр дүнд өдгөө 300 гаруй аргаль нутагшиж буйг онцолж
байна. Аргаль хонь нь Монгол Улсын улаан номд бүртгэгдсэн ховор амьтан юм.
Тэднийх байгаль хамгаалагч малчин айл төдийгүй өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг, өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй гэр бүл.
Эхнэр Ч.Уртнасан сүү, цагаан идээгээ тогтмол боловсруулж борлуулдаг бол гэрийн эзэн нь малын арьс ширээр уурганы хуйв, сур, үзүүрсгэн, сэгсүүргэн дээл урлан Завхан болон Говь-Алтай аймагт худалдаалж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг байна.
Малын чанарт анхаарч, илүү малаа намартаа нядлан борлуулах, түүхий эдийг хаягдалгүй боловсруулах, бог малын саалийг зундаа тогтмол авах зэрэг туршлагаа нутгийн залуу малчдад түгээн дэлгэрүүлж буйг нутгийн удирдлагууд онцоллоо. Тэд хүүхдүүддээ ч мал аж ахуйн уламжлалт мэдлэг, байгаль хамгааллын уламжлалт ухаанаа өвлүүлэн сургаж байна. Ийнхүү олон үе дамжин аргаль хамгаалж, уламжлалт мал аж ахуйг байгаль хамгаалалтай зөв хослуулан үлгэрлэж буй Г.Туяа “Улсын аварга малчин” цол хүртсэн нь орон нутгийн иргэдийн бахархал талархлыг хүртээд байна.
Аргалийн тухай сонирхолтой баримт:
-Аргаль
нь Төв Азийн (Гималайн нуруу, Төвөд, Алтайн нуруу) уулархаг, өндөр бүс нутгаар
амьдардаг хамгийн том зэрлэг хонь юм.
-Аргаль
бол хонины зэрлэг өвөг бөгөөд өдгөө дэлхийд нэн ховордсон амьтны нэг юм.
-Дэлхийн
байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын
хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” зэрэглэлээр
үнэлэгдсэн.
-Аргалийг
1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7
дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэсэн.
-Монгол
орны чимэг болсон сүр жавхлант, сайхан амьтдын нэг болох аргаль хонины эрийг нь
угалз, эмийг нь хомь ,үр төлийг нь хурга гэдэг.
-Аргаль
нь хурд хүчтэй, хүдэр чийрэг, 1метр 40 см- ээс 1метр 50 см хүртэлх биеийн
урттай уг амьтан нас нэмэх бүрт нурууных үс бууралтаж, тод цагаан өнгөтэй
болдог.
-Угалзууд
эврээрээ мөргөлдөн хүчээ үзэж, өөрсдийн бяр чадлыг бусдадаа харуулдаг. Энэ нь
аль хүчтэй нь бие гүйцсэн хуц болж, өөрийн үр төлийг үлдээх байгалийн
зохилдлогоо юм.
-Аргаль
нь хадны сүг зурагт дүрслэгдсэн байх нь эртнээс бидэндтэй зэрэгцэн оршин буй
нотолгоо юм.
-Аргаль
нь сүргээр амьдардаг учир үржлийн үедээ олноор нэг дор цуглардаг нь гайхамшигт
үзэгдэл юм.

Аргаль
нь Монгол орны уулархаг нутгийн хад асгат налуу, тагийн бүсийн дэвсэгт бартаат
уул толгодыг түшин тархдаг.
Улаанбаатар