СҮХБААТАР: Монгол бичгийн аварга дөрвөн ангитай нэгдүгээр сургууль тэргүүний байгууллагаар шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2026 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн боловсролын салбарын түүхэнд анх удаа монгол бичгийн улсын олимпиадын анги нийтийн төрөлд дөрвөн анги улсын олимпиадын аварга ангиар тодорсон амжилтаараа ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль модон могой жилийн аймгийн тэргүүний хамт олноор шалгарлаа.
Сүхбаатар аймгийн боловсролын салбарт анх удаа мэргэжил сонголт, ажлын байрны чиг баримжааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлон, суралцагчдын өсөж хөгжихөд дэмжлэг үзүүлэх “Карьер хөгжлийн төв”-ийг байгуулжээ.
Мөн сургуулийн номын сангийн үйл ажиллагааг автоматжуулж, аймгийн боловсролын салбараас төрөн гарсан 19 гавьяатын алдар гавьяа, үйл хэргийг салбарын хэмжээнд сурталчлан түгээн дэлгэрүүлсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын нэрт эрдэмтдийг нэгэн дээвэр дор нэгтгэн, судалгаа шинжилгээний томоохон үйл ажиллагааг гардан зохион байгуулжээ.
Багш нарын шилдэг илтгэлийн улсын уралдаанд тусгай байр эзэлсэн амжилт, мөн 2025 оны ЭЕШ-д математикийн хичээлээр хоёр сурагч 800 оноо авч, элсэлтийн шалгалтад хамрагдсан хичээлүүдийн 87.5 хувь нь аймгийн дунджаас 3-108 оноогоор өндөр үзүүлэлттэй шалгуулжээ.
Боловсролын дэлхийн түншлэл” /GPE/ олон улсын байгууллага, “Японы Хүүхдийг ивээх сан”-гийн санхүүжилттэй Боловсролын яамнаас хэрэгжүүлсэн төслийн гурван бүрэлдэхүүн төслийг хэрэгжүүлж, тус яамны хяналт шинжилгээ үнэлгээгээр хангалттай сайн хэрэгжүүлсэн үнэлгээг авсан байна.
Ази тивийн аварга шатарчин сурагчаар манлайлуулсан, тив, дэлхий, улсын хэмжээнд амжилт үзүүлсэн тамирчдыг бэлтгэн гаргасан байна. Түүнчлэн зөвхөн 2025 онд эрхэлсэн ажил, хөдөлмөрөө үнэлүүлж, тус сургуулийн 116 багш, ажилтан төрийн болон орон нутгийн шагналаар шагнуулжээ.
2025
онд 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийж, сургуулийн их засвар, спортын заалны шинэ барилгын төслийг эхлүүлээд байгаа юм.
Монгол Улсын боловсролын салбарт нэгэн зууны түүхийг бүтээлцэж, нийгмийн олон салбарт мянга мянган оюуны бүтээл, боловсон хүчин бэлтгэн гаргасан амжилт, үр дүнгээ үнэлүүлэн тус хамт олон өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан билээ.
Сүхбаатар аймаг сар шинийн баярын босгон дээр нийгмийн
есөн салбарын тэргүүний ажилтан, нэг тэргүүний байгууллагыг шалгаруулж урамшуулдаг уламжлалтай.
Улаанбаатар