ТӨВ: БНСУ-ын өсвөрийн волейболын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Волейболын холбоо, БНСУ-ын өсвөрийн волейболын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичигт багш, сурагч солилцоо, волейболын спортыг сурталчлан таниулах, өсвөрийн чадварлаг баг тамирчдыг олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд оролцох боломжийг нээж өгч, мэргэжлийн тамирчин болоход дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлыг төлөвлөсөн байна.
Мөн санамж бичиг байгуулахаар ирэх үеэрээ БНСУ-ын "Astrohigh" клубээс Төв аймгийн Цээл сум, Зуунмод сумын волейболын клубийн хүүхдүүдэд гурван өдрийн хичээл орсон юм.
Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, "Төв аймгаас урлаг, соёл, сагсан бөмбөг, бөхийн төрлөөр олон алдартан төрөн гарсан. Харин волейболын спортын хувьд амжилт төдийлөн гаргаж чадаагүй байна. Иймд цаашид энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучуудыг бодлогоор дэмжиж, тив, дэлхийн хэмжээний аваргуудыг багаас нь бэлтгэнэ” гэв.
Төв аймгийн Зуунмод суманд Пэнка болон Зуунмод клуб, ЕБС-иудын дэргэдэх клубүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
