"Монгол Улсын Үндсэн хууль-25 жилд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Монгол Улсад ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан "Монгол Улсын Үндсэн хууль-25 жилд" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулна.
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжин орсны эрх зүйн баталгаа, суурь үндэс нь 1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль юм. Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар нийгмийн байгуулалын үндэс, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгуулалтын тогтолцоо, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлсон бөгөөд Монгол Улс оршин хөгжихүйн язгуур үндсийг энэхүү суурь хуулиар зохицуулсаар даруй 25 жил өнгөрч байна.
Төр, нийгмийн байгууллын тогтолцоогоо үндэс сууриар нь өөрчилж Үндсэн хуулиар шинэчлэн баталгаажуулах үйл ажиллагаа нь аль ч улсын түүхэнд ховор тохиолдох түүхэн үйл явдал бөгөөд тэрхүү "эцэг" хуулийн чанар чансаа, хэрэгжилтийн үр дүнгээс улс орны хөгжлийн чадамж, хувь заяа ихээхэн шалтгаалдаг гэдгийг эрдэмтэн судлаачид, улс төр судлаачид судалгаа шинжилгээний үндэслэлтэй нотлон өгүүлсээр байгаа билээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэж цэгнэх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий эсэхийг тодорхойлох, 2000 онд Үндсэн хуульд оруулсан 7 нэмэлт, өөрчлөлтийн үр дагаврыг судлан шинжлэх зэрэг олон асуудлаар улстөрчид төдийгүй эрдэмтэн, судлаачид, нийгмийн тодорхой хэсгийн дунд ихээхэн маргаан, мэтгэлцээн өрнөж байна. Иймд УИХ-ын Тамгын газраас санаачлан 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх Үндсэн хуулийн 25 жилийн ойг угтаж эрдэм шинжилгээний энэхүү хурлыг зохион байгуулах гэж байгаа юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Үндсэн хууль судлал болон төрийн эрх зүйгээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачид нийт 9 илтгэл тавьж хэлэлцүүлэх бөгөөд хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт ажилласан гишүүд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 200 орчим хүн оролцох юм.
Эрдэм шинжилгээний хуралд Үндсэн хуульт ёсны хөгжлийн чиг хандлага, олон улсын болон Монгол Улсын туршлага, сургамж, Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн үр дүн, үүдэн гарч буй үр дагавар, Үндсэн хууль дахь засаглалын эрх мэдлийн хуваарилалт, түүнийг боловсронгуй болгох асуудал, Үндсэн хуулиар зохицуулсан эдийн засгийн харилцааны асуудал, Нутгийн удирдлагын Үндсэн хуулийн зохицуулалтаас үүдэн гарч буй асуудлууд болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол, арга зүйн асуудал зэрэг олон чухал асуудлуудыг хөндөж ярилцах бөгөөд эдгээр илтгэлийг хуралд оролцогчдоор хэлэлцүүлэх, тэдний санаа бодлыг сонсох зорилготой юм.
Н.Туяа