МОНЦАМЭ агентлаг Монгол Улсад 2016 онд болсон онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-12-21 16:58:06

1.УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ БОЛЖ МАН ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛАВ

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 6 дугаар сарын 29-ний өдөр улс орон даяар болж, Монголчууд ирэх 4 жилд парламентад суух төлөөллөө сонгов.

Энэ удаагийн сонгуульд 12 нам, 3 эвслийн 429, мөн  бие даан нэр дэвшигч 69 нийт 498 нэр дэвшигч өрсөлдөж, УИХ-ын 76 суудлын 65-ыг МАН, 9-ийг Ардчилсан нам, МАХН, бие даагч тус бүр нэг суудал авсан юм. 2012 сонгуулийг пропорциональ, мажоритар холимог системээр явуулж байсан бол 2016 оны сонгуулийг дан мажоритар буюу жижиг 76 тойргоор зохион байгуулав. Мөн өмнөх сонгуулийн ирц 65.2 хувьтай байсан бол энэ удаагийн сонгууль 72.1 хувийн ирцтэй байсан нь санал өгөх иргэдийн идэвх өндөр байгааг харууллаа.

УИХ-ын сонгуулийн үр дүнд олонх болсон МАН УИХ-ын даргаар М.Энхболдыг сонгов. Мөн Засгийн газраа байгуулж, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томилов.УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өдөр аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болсон бол Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль 10 дугаар сарын 19-нд тус тус болж МАН-ын нэр дэвшигчид ихэнхэд нь ялалт байгуулав.

2.АСЕМ-ЫН УУЛЗАЛТЫН ҮЕЭР  МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД БАЙВ

Ази-Европын дээд түвшний /АСЕМ/ 11 дүгээр уулзалт 2016 оны долдугаар сарын 15-16-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн дор амжилттай болов.

Хоёр өдөр үргэлжилсэн Дээд түвшний уулзалтад Ази, Европын 10 орны Ерөнхийлөгч, 23 орны Ерөнхий сайд, Шадар сайд, 17 орны Гадаад хэргийн сайд болон бусад сайд, Тусгай элч төлөөлөгчид, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож, хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж даргалан явуулав.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар АСЕМ-ын 20 жилийн ой тохиосон нь ихээхэн онцлог бөгөөд 1996 онд АСЕМ анх байгуулагдсанаас хойшхи ололт амжилтыг дүгнэн цэгнэж, бүс хоорондын эл үйл явцыг ирэх 10 жилд хэрхэн бэхжүүлэх, хувьсган хөгжүүлэх талаар баримтлах чиг шугамыг тодорхойлж, “Улаанбаатарын тунхаглал”, “Даргын мэдэгдэл” гэсэн хоёр чухал баримт бичиг батлан гаргав. Мөн дэлхийн болон өөрсдийн бүс нутгийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар санал бодлоо солилцож, олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдал, тогтвортой хөгжлийн хүрээнд тулгарч буй өнөөгийн болон шинээр гарч ирж буй сорилтуудыг шийдвэрлэх арга замыг хэлэлцсэн юм.АСЕМ-ын 12 дугаар Дээд түвшний уулзалтыг 2018 онд Европын Холбооны удирдлага дор Бельгийн Брюссель хотноо зохион байгуулахаар тогтов.

3."ЭРДЭНЭТ“ ҮЙЛДВЭР 100 ХУВЬ МОНГОЛЫН ӨМЧ БОЛЛОО

ОХУ-ын төрийн өмчийн компанийн мэдлийн 49 хувийг 2016 оны 6 дугаар сард “Монголын зэс” корпораци худалдан авчээ. Монголчууд 2016 онд төр, хувийн хэвшлийн оролцоотой үндэсний  “Эрдэнэт” үйлдвэрээ 100 хувь эзэмших боллоо.​

1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, зах зээлийн эдийн засгийн харилцаагаар  солигдоход “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын Засгийн газар эзэмших болсон.

Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 1978 оны 12-р сарын 14 өдөр нээлтээ хийжээ.

Эх орондоо эргэж ирсэн 49 хувь УИХ-ын 2016 оны ээлжит сонгууль, улс төрийн хэрүүлээс ангид байсангүй.

4.МОНГОЛ,  ЯПОН УЛСЫН ХУДАЛДААНЫ САЛБАР ШИНЭ ТҮВШИНД ГАРАВ

Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зургадугаар сарын 7-ны өдөр хүчин төгөлдөр болсноор хэлэлцээр хэрэгжиж эхэллээ.

Ингэснээр хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын урсгал, иргэд хоорондын харилцан солилцоо нэмэгдэхээс гадна Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид холбогдох боломж нээгдэв. Хэлэлцээрт заасны дагуу Монголын талаас 5.700, Японы талаас 9.300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан гаалийн татвараас шууд болон үе шаттайгаар чөлөөлөх юм. Талуудын бизнес эрхлэгчид гарал үүслийн гэрчилгээ бүхий барааг хөнгөлөлттэй тарифын нөхцлөөр тус тусын зах зээлд нийлүүлж эхлэв.

5. НӨАТ-ЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА ХЭРЭГЖСНЭЭР  ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ИЛ БОЛОВ

УИХ-ын чуулганаар өнгөрсөн оны долдугаар сард баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэв.

Уг хуулийг хэрэгжүүлснээр татвараас улсын төсөвт орох орлого нэмэгдэх, иргэдийн оролцоотой далд эдийн засгийг ил болгох чухал ач холбогдолтой хэмээн Засгийн газар үзсэн. Хуулийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах зорилгоор хоёр томоохон заалт орсон нь НӨАТ-ын 20 хувийн буцаан олголт болон сугалаа байв. Өөрөөр хэлбэл иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ НӨАТ-ын баримтыг www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлснээр жилд нэг удаа төлсөн татварынхаа 20 хувийг буцаан авах боломж бүрдсэн. Мөн иргэд www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлсэн баримтаараа сар бүр 20 мянга, 100 мянга, 500 мянга болон 4 сая, 20 сая төгрөгийн шагналын сантай сугалаанд оролцож байна. Сугалааны Супер азтаны шагнал 50 сая төгрөг бөгөөд тухайн сардаа тодроогүй бол дараагийн удаад 50 сая төгрөгөөр нэмэгдэх зарчмаар явж байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 18 удаагийн сугалаа болж  78 мянга 570 азтанд 3 тэрбум 93 сая 280 мянган төгрөг олгожээ.

6.ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ ХАНГАХ УРГАЦ ХУРААВ

Улсын хэмжээнд 2016 онд 475.8 мянган га талбайд үр тариа,  үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7  мянган тонн төмс, 93.5 мянган тонн хүнсний ногоо хураан авлаа.

Ингэснээр хүнсний улаанбуудай, төмсний дотоодын нийт хэрэгцээг 100 хувь хангах боломжтой.Тодруулбал энэ жил хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээний 54 хувийг хангах боломжтой болов. Өмнө нь  40-50 хувийг хангаж байв. Харин Монголын хөрсөнд ургасан чанартай буудайгаар хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй 30-40 мянган тонн буудай илүү гарсныг дуулгахад таатай байна.

7.”РИО-2016” ОЛИМПИЙН НААДАМД МОНГОЛЧУУД ОДТОЙ БАЙЛАА

Хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр зуны олимпийн 31 дэх наадам өнгөрсөн наймдугаар сарын 5-21-ний өдөр Бразил Улсын Рио Де Жанейро хотноо болж манай улсын баг тамирчдаас нэг мөнгө, нэг хүрэл медаль, паралимпийн тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.

Тодруулбал, Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ази тивийн аварга, жүдоч Д.Сумъяа олимпоос 57 кг-д мөнгөн медаль, Олон улсын хэмжээний мастер, Азийн наадмын аварга, боксчин Д.Отгондалай 60 кг-д хүрэл медаль хүртсэн.

Паралимпийн наадмаас жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпэлжээ нар хүрэл медаль хүртэв. Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолоор баталсан "Олимп, тивийн наадам, дэлхийн өндөр зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ын дагуу Засгийн газраас тамирчдад 60-30 сая төгрөг, дасгалжуулагч нарт энэхүү шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гардуулсан юм. Энэ удаагийн олимпийн наадамд анх удаа хамгийн олон  буюу 50 тамирчин оролцсоноороо онцлог байв.

8.ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДЛЫН БАРИЛГА, ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Жилд 3-5 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төслийг 65 тэрбум 600 сая иенийн хөрөнгө оруулалтаар Хөшигийн хөндийд барьж байна.

Төслийг "Мицүбиши Чиёода” түншлэл удирдаж ерөнхий туслан гүйцэтгэгчээр Солонгосын “Самсунг Си энд Ти” корпораци ажиллан, бүтээн байгуулалтад Монголын 50 гаруй компани оролцож байгаа билээ. 2016 онд тус төслийн бүтээн байгуулалтын дийлэнх хувийг гүйцэтгэсэн бөгөөд  Японы тал 2017 оны нэгдүгээр сарын 10-нд хүлээлгэж өгөх юм.

 Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа эхлэв. Хоёр жил гаруй хугацаатай зогссон “Оюутолгой” компанийн далд уурхайн үйл ажиллагаа 2016 онд жигдрэв. “Европын сэргээн босголт хөгжлийн банк”, “Олон улсын санхүүгийн корпораци” зэрэг дэлхийн 15 банк  зээл олгох нөхцөл бүрдсэнээр  “Оюутолгой”-н далд уурхайн барилгын ажил эхлэх боломж бүрдсэн юм.

9. ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН XIV ДАЛАЙ ЛАМ СҮСЭГТЭН ОЛНЫ УРИЛГААР МОРИЛОВ

Дэлхийн буддын шашны тэргүүн, Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад  11 дүгээр сарын 18-23-нд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцын урилгаар мориллоо. Тэрбээр Монголд 1979 онд анх ирснээс 9 дэх удаагаа ирсэн нь энэ юм.

Түүний айлчлалыг Монголын Улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил улс төрөөс ангид, зөвхөн сүсэгтэн олны хүсэлтээр ирсэн хэмээн тодотгосон. Дээрхийн гэгээнтэн айлчлалын хүрээнд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр 9 дүгээр Богдын  дараагийн дүр Монголд мэндэлсэн, нас нь бага учир тодорхой  мэдээлэл өгөх боломжгүй хэмээн дуулгав.

10. МУГЖ Г.АРИУНБААТАРТ “ЧИНГИС ХААН” ОДОН ХҮРТЭЭВ

Дэлхийн хэмжээний дуурийн дуучдын тэмцээн, уралдаанд удаа дараа амжилт гаргаж  Монгол Улсын нэрийг дэлхийд цуурайтуулсан МУГЖ дуучин Г.Ариунбаатарт төрийн дээд шагнал "Чингис хаан" одон хүртээлээ.

Тэрбээр Дэлхийн сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын ХҮ дахь уралдаанд 1 байр, Гранпри шагнал, М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дулаачдын ХХ1Ү уралдааны 1 дүгээр байр, Шилдэг баритон дуучны шагнал, Муслим Могомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын Ш уралдааны 1 дүгээр байрын шагналыг эх орондоо авч ирсэн юм. Чайковскийн нэрэмжит ХҮ дугаар уралдаанд гэхэд л 39 орны 500 гаруй шилдэг дуучин өрсөлдөж  шилдгийн шилдгээр тодорч байв. Г.Ариунбаатар нь Монгол улсын СУИС-ийг дуулаачийн мэргэжлээр төгссөн бөгөөд одоо ОХУ-ын Санкт-Петербург хотын Маринскийн театрт урилгаар дуулж байна.

Холбоотой мэдээ